Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Засгийг огцруулах асуудлыг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авав.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх:
-Би хоёр алба хашдаг. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга гэсэн. ЖДҮХС-гаас зээл авсан хүмүүстэй хариуцлага тооцож байгаа. МАН-ын даргад хоёр эрх мэдэл байгаа. Ёсзүйн алдаа гаргасан байна, авсан зээлүүдээ буцааж төл гэсэн шаардлага тавьсан. Зээлүүдээ буцааж төлж байна. Сайд нартай холбоотой асуудал хуулийн байгууллагаар шалгагдаж байна. Хууль зөрчсөн нь тогтоогдвол хариуцлага тооцно.
Туркийн асуудлаар улс орны аюулгүй байдалтай холбоотой асуудал байна. Хаалттай хуралдаан хийж, шаардлагатай мэдээллийг өгч болно.
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат:
-Засгийн газрын гишүүд хариуцлагатай асуудалд худлаа мэдээлэл өгч байна. 2019 оны улсын төсөвт тавьсан хоригийг хүлээж авахгүй гэсэн шийдвэр гарчихаад байхад Шадар сайд нь бусдыгаа битгий орж ирж гээд оруулж ирээгүй. Ерөнхий сайд хариуцлага тооцож байгаа гэлээ, МАН-ын даргын хувьд. Та Ерөнхий сайдын хувиар хариулах хэрэгтэй байх. ЖДҮХС-гийн зээл авснаа хүлээн зөвшөөрчихөөд байхад яагаад асуудлыг оруулж ирэхгүй байна вэ? УИХ ЖДҮХС-гийн мөнгийг баталж өгсөн нь үнэн. Харин хулгайн байдлаар өг гэж УИХ үүрэгдээгүй. Бүгдийг нь 950 сая төгрөгөөр зээл өгсөн. Үүнийг чинь ард түмэн зохион байгуулалттай хийжээ гээд байна.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх:
-Би Ерөнхий сайдаар томилогдохдоо нийгэмд шударга ёс тогтоох, эдийн засгийг сэргээх ажлыг хэрэгжүүлэхээ хэлсэн. Хоёр дахь ажил хэрэгжээд явж байна. Бүх зүйл сайн сайхан болно гэж байхгүй, цаг хугацаа хэрэгтэй. Улсыг эрүүл хүнсээр, эрчим хүчээр хангах, нефтийн үйлдвэртэй болгох асуудалд анхаарч ажилладаг. Энэ ажлыг хийхэд битгий хориг саад болооч гээд байгаа. Надад шалгах асуудал байна. “60 тэрбум”, тендэр, нүүрсээр баяжсан хүмүүсийн асуудал бий.
Би УИХ-ын спикер, хотын залууг сольж өгөөгч гэж байгаа. УИХ ямар ажиллаж байгааг би биш ард түмэн дүгнэж байна.
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат:
-ЗТХ-ын сайд, ХХААХҮ-ийн сайд нар чинь өөрсдөө хүсэлтээрээ хариуцлага хүлээж, ажлаа өгсөн гэж чуулган дээр танилцуулагдсан. Гэтэл та хариуцлага тооцсон гэлээ. Өөрдсөө өргөдлөө өгсөн юм уу, та хариуцлага тооцсон юм уу?
Ерөнхий сайд У.Хүрэлсүх:
-Өөрсдөө өргөдлөө өгөөд хариуцлагаа хүлээ гэж хэлсэн.
УИХ-ын гишүүн О.Содбилэг:
-Ерөнхий сайдаар У.Хүрэлсүхийг томилогдоход ард түмэнд маш их хүлээлт байсан. Гэвч тэр хүлээлт ажил хэрэг болсонгүй. ЖДҮХС-гаас зээл авсан хүмүүст хариуцлага тооцох эрх мэдэл нь танд байсан. Туркийн асуудалд Монгол Улсын Засгийн газар оролцсон уу?
-Туркийн асуудлаар холбогдох мэдээллээ хийсэн. Шаардлагатай бол хаалттай хуралдаан хийж болно. ЖДҮХС-гаас би хэн нэг хүнд зээл өг гэж хэлээгүй. Зээл авсан хүмүүсийн нэр гарч байгаа. Удахгүй өөрсдийн чинь ч нэр орж ирж магадгүй. Турктай холбоотой асуудал төрийн нууцтай холбоотой. Би хариуцлагаас зугатаагүй. Ард түмэн энэ Засгийн газрыг тогтвортой ажиллаасай гэж хүсч байгаа. Хэрвээ ард түмэн намайг дэмжээгүй бол би ажлаа өгөхөд бэлэн байна.