Энэ сарын 24-25-нд шилжих шөнө баруун аймгуудын нутгаар хүчтэй шуурч, таван аймгийн 52 сум тог цахилгаангүй болсон. Шуурганы хамгийн хүчтэй нь Говь-Алтай аймгийн Бугат сумын нутгаар болсон бөгөөд 40 м/сек хүртэл ширүүссэн байна. Хүчтэй шуурганы улмаас Говь- Алтай аймгийн Бугат сумын 102 өрхийн гэр нурж, 15 байшингийн дээвэр хууларч, эрчим хүчний шон унаж, цахилгаан, халаалт бүрэн тасраад буй.
Говь-Алтай аймгийн Засаг дарга, онцгой комиссын дарга С.Гансэлэмээр ахлуулсан ажлын хэсэг Бугат суманд үүссэн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, хохирлын хэмжээг тогтоож, барагдуулахаар ажиллаж байна.