Засгийн газар ирэх оны тавдугаар сараас Улаанбаатар хотод ахуйн зориулалтаар түүхий нүүрс оруулахгүй, гэр хороололд түүхий нүүрс хэрэглэхгүй байх шийдвэр гаргаж, ”Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн дэргэд “Тавантолгой түлш” ХХК байгуулсан.
Сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн нээлт өнөөдөр /2018.11.23/ болж Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн нар оролцлоо.
Утаа, агаарын бохирдлын талаар сүүлийн 20 жил ярилаа. Утаа бол манай улсын Үндэсний аюулгүй байдалд заналхийлж байгаа хамгийн том дайсан. Утаанаас салах, угаарыг багасгах нэг л арга бий. Хамгийн төгс шийдэл бол иргэдийг орон сууцжуулах. Гэхдээ тэр болтол 20 орчим жил шаардлагатай байх. Тиймээс энэ хугацаанд утааг багасгах шийдэл нь сайжруулсан шахмал түлш хэрэглэх юм гэж Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэллээ.
Улаанбаатар хотод 220 мянган айл жилд нэг сая 200 мянган тн түүхий нүүрс шатааж байна. 220 мянган бага оврын уурын зуух ажиллаж байна гэсэн үг. Дээр нь 3000 нам даралтын зуух байна. Эдгээр зуух Улаанбаатар хотын утааны 90 хувийг “үйлдвэрлэж” байгаа. Тийм учраас Засгийн газар ирэх оны тавдугаар сарын 15-наас Улаанбаатар хотод ахуйн зориулалтаар түүхий нүүрс оруулахыг хориглосон. Иргэд түүхий нүүрс биш сайжруулсан шахмал түлш хэрэглэнэ гэлээ.
Үйлдвэрийн хүчин чадлыг ирэх онд 600 мянган тн-д хүргэж, 220 мянган өрхийг 100 хувь сайжруулсан түлшээр хангах боломжтой болно.Жилд нэг сая 200 мянган тн түүхий нүүрс түлдэг байсан бол сайжруулсан шахмал түлш 600 мянган тн-ыг түлнэ. Тоон харьцуулалтаас харахад ч агаарын бохирдол 50 орчим хувиар багасахаар байгаа юм гэдгийг Ерөнхий сайд онцлоод Тавантолгойн нүүрс учраас шаталт сайн, шаталтын хугацаа урт, хоруу чанар багатай зэрэг ач холбогдолтойг эрдэмтэд тодорхойлсон гэдгийг тэмдэглэлээ.
Түлшний нөөцөө бэлтгэхээс гадна сайжруулсан, шахмал түлш нь өнөөдөр худалдаалагдаж буй түүхий нүүрснээс үнэ хямд байх ёстойг Ерөнхий сайд анхаарууллаа. Ирэх жилийн тавдугаар сарын 15-наас Улаанбаатар хотод түүхий нүүрс орохгүй. Түүхий нүүрс түлэхийг хориглоно. Иймд иргэд маань сайжруулсан шахмал түлш хэрэглэх бэлтгэлээ сайтар базаах хэрэгтэй.
Улаанбаатар хотын утаа, агаарын бохирдлыг багасгаж, үр хүүхдийнхээ ирээдүй, эрүүл мэндийг хамгаалахад иргэн бүрийн оролцоо чухал. Ганц төр засаг ажиллаад дийлэхгүй. Аж ахуйн нэгж, иргэн бүрийн сэтгэл, оролцоо нийлж байж улаанбаатарчууд бид утаа, угаар гэдэг дайснаа дарж авна аа гэж Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлээд сайжруулсан шахмал түлш хэрэглэхийг иргэддээ уриаллаа.