Украин дахь түрэмгийллийн төлөө барууны орнууд хориг арга хэмжээ авч, улс орных нь эдийн засаг агшсан, Олон улсын эрүүгийн шүүхийн баривчлах тушаалтай тулгарсан зэрэг хүнд нөхцөл байдалд буй ОХУ-ын ерөнхийлөгч Путин “BRICS”-ийн дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах гэж байна. Тэрбээр барууны дарамт шахалт үр дүнгээ өгөөгүй гэдгийг харуулахын тулд энэ уулзалтыг зохион байгуулж байна.
Энэ долоо хоногт ОХУ-ын Казаньд дэлхийн 20 гаруй орны тэргүүн хүрэлцэн ирнэ. Тэдний дунд Хятадын дарга Ши Жиньпин, Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди, Ираны ерөнхийлөгч Масуд Пезешкян нар багтжээ.
Кремль энэ уулзалтыг ОХУ-д болж буй хамгийн томоохон хэмжээний гадаад бодлогын арга хэмжээ гэж нэрлэсэн юм.
Харин зөвлөх үйлчилгээний “Macro-Advisory” фирмийн үндэслэгч Крис Вийфер “Энэ арга хэмжээгээр Оросыг тусгаарлах оролдлого бүтэлгүйтсэн гэдэг мессежийг хүргэж байна. Энэ бол ОХУ хориг арга хэмжээг тэсвэрлэж чадаж байна гэх Кремлийн мессежийн нэгээхэн хэсэг. Ил харагдахгүй хүчтэй хямралууд байгааг бид мэднэ. Гэхдээ геополитикийн түвшинд ОХУ ийм олон найз нөхөдтэй байна” гэж хэлжээ.
Оросын анд нөхөд гэдэгт Бразил, Энэтхэг, Хятад, Өмнөд Африк буюу “BRICS”-ын анхны гишүүд багтаж байна. Тус бүлэг Египет, Этиоп, Иран, Арабын нэгдсэн Эмиратаар мөн бүл нэмээд байгаа билээ. Саудын Араб ч бас бүлэгт элсэх урилга хүлээн авсан. Бүлэгт элсэх хүсэлтэй өөр 30 улс байгааг ОХУ мэдэгджээ.
“BRICS”-ын орнууд дэлхийн хүн амын 45 хувийг эзэлдэг. Мөн эдийн засгийн нийт хэмжээ нь 28.5 их наяд ам.доллар давна. Энэ нь дэлхийн эдийн засгийн 28 хувь гэсэн үг юм. BBC