УИХ-аар хэлэлцэж буй Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуулийн төслийг боловсруулах шатанд ажлын хэсгийн гишүүд “Торгуулиа цаг хугацаанд нь төлөөгүй жолоочийн тээврийн хэрэгслийг торгуулиа төлөх хүртэлх хугацаанд хөдөлгөөнд оролцуулахгүй байх” санал гаргасан нь УИХ-ын гишүүдээс олонхийн дэмжлэг хүлээгээд байгаа билээ.
Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон зөрчил гаргасан бол эхний удаад торгох, эсвэл жолоо барих эрхийг хасах, 7-30 хоног баривчлах шийтгэл оногдуулах юм байна. Хэрвээ дээрх зөрчлийг давтан үйлдвэл эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өчигдөр Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлэгдсэн Зөрчлийн тухай хуулийн төслийг хэлэлцээд, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Хууль зүйн байнгын хороонд шилжүүлээд байгаа юм. Иймээс УИХ-аар хуулийн төслүүдийг эцэслэн баталснаар дээрх зохицуулалтууд хүчин төгөлдөр үйлчлэх боломжтой болох юм.
Эргэн сануулахад, Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар “Торгуулиа төлдөггүй жолооч нарыг хөдөлгөөнд оролцохыг хориглосноор Улаанбаатар хотын автомашины түгжрэл 10 хувиар буурах судалгаа гарсан” гэдгийг мэдэгдэж байв. 2023 оны эхний есөн сарын байдлаар замын хөдөлгөөний зөрчлийн мэдээлэл 462,820 бүртгэгдсэнээс 114,621 нь торгуулиа төлсөн болохыг албаныхан мэдэгдэж байв. Үндсэндээ зөрчил гаргасан жолооч нарын 60 гаруй хувь нь цаг хугацаандаа торгуулиа төлдөггүй нь дээрх мэдээллээс тодорхой харагдаж буй. Иймээс Зөрчлийн тухай хуульд “Торгуулиа цаг хугацаандаа төлдөггүй жолооч нарын автомашины хөдөлгөөнийг хязгаарлах нь түгжрэлийг бууруулахад нэмэртэйгээс гадна жолооч дүрэм зөрчихөөс сэргийлэх боломж бүрдэнэ” гэж үзэж байна.