Монгол Улс цахим үндэстэн болохоо зарлаад багагүй хугацаа өнгөрчээ. Цахим үндэстэнд шилжихийн тулд Цахим хөгжил, харилцаа холбооны яам хүртэл байгуулж, дижитал эринд нэгдэхээ илэрхийлсэн. Гэвч, салбарын сайдын томилгоо нь “давхар дээл”-ийн асуудлаас болж, Засгийн газар дээрээ гацаж, УИХ-аас яамны бүтэц, орон тоог баталсан хэдий ч ажилтнууд нь ажилтайгаа “танилцах” ажиллагаа үргэлжилж буй.
Харилцаа, холбоо мэдээллийн технологийн газрын /энэ байгууллага татан буугдаж, Цахим хөгжил, харилцаа холбооны яам болсон/ хөгжүүлж байсан E-Mongolia цахим платформын ашигладаг фэйсбүүк хаяг өчигдөр хакердуулж багагүй дуулиан дэгдээв. Тус газраас мэдэгдэл гаргаж, нэг цагийн дотор пэйж хаягаа сэргээж авснаа зарласан ч иргэдийн хувьд хувь хүний мэдээллийг алдсан байх вий гэж хардаж байгаагаа ч илэрхийлцгээсэн. Учир нь, тус пэйж хуудасны чатанд иргэд регистрийн дугаараа явуулж, мэдээлэл авдаг байсан юм. Гэвч төрийн зүгээс “нэгхэн” цаг хакердуулсан тул учир иргэдийн мэдээлэл алдагдаагүй гэсэн тайлбар хийсэн ч олон нийтэд итгэл төрүүлсэнгүй. Мэдээж иргэдийн мэдээлэл алдагдаагүй, түүнийг нь цаашид ашиглаж, иргэдийг хохироохгүй байвал сайн хэрэг. Гэхдээ зарим мэргэжлийн хүмүүсийн хэлж буйгаар хакерууд нэг цагийн хугацаанд маш их мэдээллийг хуулж авах, мэдээлэл дамжуулах боломжтой гэдгийг хэлж байгаа юм.
Хэдхэн сарын өмнө хакеруудын хар зах дээр Монгол иргэдийн мэдээллийг худалдах зар тавигдаж, тухайн үедээ шуугиж байсан ч тэгсгээд намжсан. Хэн тэрхүү мэдээллийг ил зарахыг завдсан, хаанаас ямар аргаар авсан гээд тагнуул цагдаагаас тайлбар өгөлгүй, эл асуудал тодорхойгүй үлдсэн.
Энэ мэтчилэнгээс харахад төрд хадгалагдаж буй иргэдийн мэдээллийн аюулгүй байдлыг хэн хамгаалах, хянах вэ гэх асуулт тавигдаж байна. Мэргэжлийн яам нь хүртэл өөрийнхөө цахим хуудсыг хакердуулж байхад жирийн иргэн Дулмаагийн мэдээллийг хакердаад түүнийг нь ямар нэг буруу зорилгоор ашиглах нь амархан болсон гэсэн үг. Угтаа бол цахим үндэстэн болохоо зарласан Монгол Улсын мэдээллийн аюулгүй байдал, ялангуяа төрд байгаа иргэний мэдээллүүдийг хамгаалах, хамгаалж чадах “зэвсэг” юу байна вэ.
Сүүлийн жилүүдэд үйлчилгээний газруудад хэрэглэгчийн худалдан авалтын үнийн дүнд суурилсан оноо цуглуулах, хувь хүнийг таньж баталгаажуулах зорилгоор хүний биеийн давхцахгүй өгөгдөл /гарын хурууны хээ/ болон хувь хүний бусад мэдээлэл цуглуулах нь түгээмэл болсон. Ингэхдээ хүний хувийн мэдээллийг тухайн хувь хүнд урьдчилан мэдэгдэж зөвшөөрөл авалгүйгээр цуглуулах, анх цуглуулсан зорилгоос өөр зорилгоор ашиглах, зөвшөөрөлгүйгээр бусдад дамжуулах, хүний хувийн мэдээлэл алдагдах эрсдэл маш өндөр гэдгийг ч албаныхан хэлдэг. Гар утас, компьютер, бусад ухаалаг төхөөрөмж, төлбөрийн хэрэгсэл, автомашин гээд бүгд ухаалаг удирдлагатай боллоо. Хувь хүн төдийгүй аж ахуйн нэгж, төрийн байгууллага, цаашлаад төрийн нууц хүртэл кибер аюулгүй байдлаас хамааралтай болж, хамгаалах сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэхээс өөр аргагүй цаг үед бид амьдарч байна.
1995 онд батлагдсан Хувь хүний нууцын тухай хууль нь хувь хүн нууцаа өөрөө хамгаалах, хувийн мэдээллийг өөрөө нууц гэж тодорхойлох маш ерөнхий зохицуулалттай хууль тул хурдацтай хөгжиж буй технологийн эрин үед зайлшгүй шинэчлэн батлах шаардлага бий болсон.
Тиймээс ч УИХ 2021 онд Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийг шинэчлэн баталсан. Гэхдээ хууль 2022 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлнэ.
Хувь хүний нууц, хувь хүний мэдээллийг хамгаалах хуультай болсон ч төрийн байгууллага иргэний мэдээллийг алдсан тохиолдолд нууж дараад өнгөрөх үү эсвэл…
Хувь хүн өөрийнхөө мэдээллийг алдах нь хувь хүний хариуцлагын асуудал. Харин төрд байгаа иргэний мэдээлэл алдагдвал хэн хариуцлага хүлээж, хэн хамгаалах вэ. Цахим хөгжил, харилцаа холбооны яам нь өөрсдөө фэйж хуудсаа алдаж байхыг бодоход энэ яаманд лав найдалтгүй бололтой.
news.mn