Монголын залуучуудын холбооноос өчигдөр /2022.03.16/ мэдээлэл хийлээ. Тухайлбал, Ерөнхийлөгчийн санаачилсан “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж “Архидалтгүй баяр” аяныг өрнүүлэхээ мэдээлэв.
Мөн Баасан гариг бүр спорт заалыг улсын хэмжээнд үнэ төлбөргүй болгох хүсэлтийг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт хүсэлт хүргүүлж байгаа аж. Монголын залуучуудын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга н.Цэнд-Аюуш “Архидалтгүй баяр аяныг өрнүүлнэ. Жилийн 365 хоногоос Цэргийн баяраар хамгийн их архи борлуулагддаг гэх статистик байдаг байна. Энэ өдөр эрчүүд, залуучууд архигүй баяраа тэмдэглэх уриалгыг гаргаж байна” гэв. Түүнчлэн Монголын залуучуудын холбооны Ерөнхийлөгч Б.Гэрэлт-Од “Монгол эрчүүд маань архигүйгээр зоригтой байхыг уриалж байна” гэсэн юм.
Энэ үеэр архины шилэн дээр Чингис хаан болон уул усныхаа зургийг тавихыг хориглох, оронд нь архины хор хөнөөлийг сурталчилдаг байх зэрэг зургаан чиглэлээр санал, санаачилга гарган ажиллахаа мэдээллээ.