Бизнесийн үйл ажиллагаатай холбоотойгоор шалгагдаж буй хэрэгт АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трамп хүү охин хоёрын хамт Нью-Йорк хотын шүүхэд библи дээр гараа тавин мэдүүлэг өгөх ёстой гэж шүүгчийн шийдвэр гарсан байна. Нью-Йорк хотын прокурорын газраас Трампын байгууллагыг татварын хууль зөрчиж, зээлээр дамжуулан хөрөнгийн үнэлгээг өөрчилж, залилан хийсэн хэрэгт буруутгаж байгаа юм.. Шүүгчийн шийдвэрийн дагуу Трамп 21 хоногийн дотор мэдүүлэг өгөх ёстой. Харин Трамп гэр бүлийг нь буруутгаж буй уг хэргийг үгүйсгэж, шийдвэрийг давж заалдахаар төлөвлөсөн байна.
Нью-Йорк хотын дээд шүүхийн шүүгч Артур Энгорон өчигдөр хийсэн мэдэгдэлдээ, Дональд Трамп болон түүний 44 настай хүү Дональд Трамп Жуниор, 40 настай охин Иванка нар өнгөрсөн арванхоёрдугаар сард прокуророос гаргасан хуулийн захирамжийг биелүүлэх үүрэгтэй гэжээ. Харин Нью-Йорк хотын ерөнхий прокурор Летитиа Жеймс хэлэхдээ, “Мөрдөн шалгах ажиллагааны явцад санхүүгийн залилан байж болзошгүй үйлдлийг гэрчлэх тодорхой баримт илэрсэн” гэдгийг онцолжээ.
ЭХ СУРВАЛЖ: ВВС