Зуны улиралд нийслэлийнхэн хотын дуу чимээ, агаарын бохирдлоос холдох салхинд гарахын тулд Тэрэлжид байрлах амралтын газруудыг зорьдог. Гэвч сайны хажуугаар саар гэгчээр хүмүүс ил задгай бие засах, аж ахуйн нэгжүүд нүхэн жорлон гаргаж, гол горхи орчим хог ихээр хаяж буйгаас шалтгаалан хөрсний бохирдол үүсч, усны нөөц багассан талаар холбогдох албаныхан мэдээлэв.
Тодруулбал, хог хаягдлын асуудлыг шийдвэрлэхээр аялал жуулчлалын бүсэд нэвтрэх авто тээврийн хэрэгслээс хог хаягдлын үйлчилгээний хураамж авах журмын төслийг боловсруулсан байна. Ингэснээр Тэрэлж рүү нэвтэрч, аялж зугаалж буй иргэдээс төвлөрүүлэх хог хаягдлын хураамжийн хэмжээг суудлын автомашин 3000, автобус 10 мянган төгрөг байхаар тусгажээ. Улмаар жижиг оврын автомашинд 1-3, том оврын тээврийн хэрэгсэлд 5-8 хогийн уут тараах гэнэ. Дээрх журам хараахан эцэслэн батлагдаагүй гэдгийг онцлох нь зөв байх.