Украины хилийн ойролцоо байрлуулсан цэргүүдээ буцаан татах болсноо Орос улс мэдэгдэл хийлээ. Томоохон хэмжээний цэргийн сургуулилалт үргэлжилж буй хэдий ч зарим анги нэгтгэлүүд бааз руугаа буцаж байна гэж тус улсын Батлан хамгаалах яамнаас мэдээлэв.
Цэрэг эргүүлэн татах тухай мэдэгдэл нь нэг талаасаа сайн мэдээ боловч хурцадмал байдал бүрэн намжиж байна гэх баталгаа биш гэж НАТО болон олон улсын ажиглагчид болгоомжилсон байр суурьтай байна. Яг хэдэн цэрэг буцаж буй талаар тодорхой мэдээлэл байхгүй байна.
Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Игорь Конашенков хэлэхдээ “Төлөвлөгөөний дагуу хэд хэдэн байлдааны бэлтгэл сургуулилалт хийж байгаа” гэв. Тухайлбал, хоёрдугаар сарын 20-нд дуусах товтой Орос-Беларусийн хамтарсан томоохон сургуулилалт зэрэг нь үргэлжилж байна.
Өнгөрсөн хугацаанд Орос улс Украинд түрэмгийлэх төлөвлөгөөгүй гэдгээ баталсаар ирсэн. Заримдаа Путин энэ талаар хошигнодог гэж түүний хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков хэллээ. Путин хэлэхдээ “Цаад барууныхан чинь дайн яг хэдэн цагт эхлэхийг зарлаж уу?” гэж асуудаг гэв.
АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден өчигдөр /2022.02.15/ В.Путинд хандан дайнаас татгалзахыг уриалж, энэ нь олон улсын дургүйцлийг хүргэж болзошгүй талаар сануулсан байсан. Тэрбээр хэлэхдээ “Украины хилийн орчимд 100 мянга орчим цэрэг байрласан гэж тооцоолж байсан ч 150 мянга байх магадлалтай. Зарим цэргээ эргүүлэн татсан гэх мэдээлэл сайшаалтай хэдий ч бас л бүрэн батлагдаагүй мэдээлэл” гэжээ. Мөн тэрбээр Оросын иргэдэд хандан үг хэлсэн. “Оросын ард иргэдэд хандаж хэлэхэд, та нар бидний дайсан биш. Та нар Украины эсрэг цуст, сүйрлийн дайн хүсэхгүй байгаа гэж итгэж байна. Хэрвээ Орос улс бодлогогүй алхам хийх юм бол дэлхий тэднийг мартахгүй” гэж Байден хэлэв.
Эх сурвалж: BBC, REUTERS