Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн Живлэгийн-Ам гэдэг газар, Аймгийн төвөөсөө хойд зүгт 302 км-т, сумын төвөөс баруун зүгт 58 км-т энэ сарын 23-ны өдрийн 15:15 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдөлжээ.
Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга, байгаль орчны улсын хяналтын байцаагч болон тухайн газрын орчимд нутаглаж буй малчдаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн байна.
Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 30-ны өдрийн 06.58 цагт Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Агар багийн нутаг Рашаант гэдэг газар сумын төвөөс баруун зүгт 60 км-т 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон юм. Тус аймгийн Баянзүрх сумын Засаг дарга “Иргэдэд ямар нэгэн чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй” хэмээн мэдээлсэн байна.