Ихэнх их дээд сургуулиудын өвлийн амралт эхэлсэнтэй холбогдуулан, Оюутан залуусыг амралтаараа цагийг үр бүтээмжтэй өнгөрөөх талаар боломжит ажлын байрны санаануудыг хүргэж байна.
1. Гэрийн багш– Сурагчдын амралт эхэлсэнтэй холбогдуулан сурагчдад ялангуяа бага, дунд ангийн сурагчдын хичээлийн хоцрогдол арилгах гэрийн цагийн багш эрэлттэй байна. Зөвхөн улирлын амралтаар төдийгүй цаашид гэрийн даалгавар хийлгэх боломжтой гэрийн багш хайсан гэр бүл их байгаа тул холбогдох фэйсбүүк групп, зар сониноос тухайн ажлыг олох боломжтой.
2. Арга хэмжээ зохион байгуулах- Амралт эхэлснээр оюутан залуусын гадуур цагаа өнгөрүүлэн хөгжилдөх хүсэл сонирхол ихэсдэг ч чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх арга хэмжээ, үйл явдал төдийлөн болдоггүй шүү дээ тиймд та өөрийн сонирхлоороо залуусын дунд кино үзэх, хамтдаа ном унших, танилцах гэх мэт маш олон сэдвийн дагуу зориулалтын газар түрээслэн арга хэмжээ зохион байгуулах боломжтой. Мэдээж такстай.
3. Хүүхэд асрагч- Хүүхэд асрагч гэхээр мэргэжлийн асрагч нярай хүүхэд асрах талаар санаанд тань орж болох юм. Тэгвэл ажлын бүтэн цагаар бус зөвхөн оройн цагаар эсвэл амралтын өдрүүдээр бүх насны хүүхэд харах ажил эрэлттэй байна.
4. Онлайн сургалт– Сүүлийн хоёр жил цар тахлаас шалтгаалан интернет орчинд ажиллах нь илүү дэлгэрсэн. Хүмүүс заавал биечлэн уулзахаас илүүтэй интернетээр ажлаа зохицуулахчихдаг болсон энэ цагт боломжийг ашиглан өөрийн чадвараараа онлайн сургалт зохион байгуулж болно. Гэрэл зураг дарах, видео эдит, нүүр будалт, хувцас стайл, хар зураг, уран зураг гэх мэт маш өргөн цар хүрээтэй энэ ажил гагцхүү таны чадвараас шалтгаална.
5. Маникюр – Энэхүү чиглэлээр ажиллахад сургалтад хамрагдсан байх шаардлагатай бөгөөд давуу тал нь зөвхөн амралт төдийгүй хичээлийнхээ хажуугаар хийхэд ч тохиромжтой эрэлт хэзээ ч алга болохгүйгээрээ онцлогтой.
6. Цэвэрлэгээ- Шинээр баригдсан барилга, оффис төдийгүй хувь хүмүүстээ тохирон гэр цэвэрлэх бүтэн цаг болон цагийн үйлчилгээний ажил хийж боломжтой.
7. Зурагчин- Хэрвээ та зураг дарах хоббитой бол сонирхлоо хөгжүүлэн ямар нэг арга хэмжээ, богино аялал гэх мэт үйл ажиллагаануудад зурагчин хийх боломжтой.
8. Номын холио солио, түрээс- Өөртөө байгаа номуудаараа холио солио хийн уншихаас гадна мөнгөөр үнэлэн түрээслүүлэн уншуулах боломжтой. Яг энэ чиглэл нь төдийлөн монголд дэлгэрээгүй учраас цахим сүлжээг ашиглан бүр дэлгэрүүлж болох юм.
9. Орчуулга- Орчуулга хийснээрээ өөрийн чадвар хэлээ сайжруулахын хажуугаар компаниудтай хамтран албан бичиг орчуулах, мөн кино сайтуудтай хамтран ажиллах боломжтой.
10. Трифт шоп- Шинэ үеийн залуус байгаль дэлхийгээ хайрлан илүүдэл хаягдал аль болох гаргахгүйг хичээдэг болсон. Үүнтэй холбогдуулан хуучин хувцаснуудаа солилцох, загварын багахан өөрчлөлт хийн зарах мода дэлгэрээд байна. Иймд та өөрийн хувцаснуудыг зарах боломжтой юм. Яг энэ чиглэлээр маш олон дэлгүүрүүд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа.
11. Хүргэлтийн үйлчилгээ, хүнс хүргэлт, хоол хүргэлт- Хөл хорио вирусийн тархалтаас шалтгаалан хүмүүс төдийлөн олон хүний хөл цугларсан газраар явахаа больсон. Иймд халдвар хамгаалалтын шаардлагыг ханган хэрэгцээт хүмүүст хоол хүнс болон бусад зүйлсийн хүргэлт хийн үйлчлэх боломжтой.
12. Дотоод засал чимэглэл- Өөрийн ур чадварыг нэмэгдүүлэх сайхан ажлуудын нэг бол дотоод засал чимэглэл. Тодорхой үйл ажиллагаа явуулдаг компаниудтай холбогдон бүтэн болон цагийн ажилтнаар ажиллах боломжтой. Хэрэв та чадвартай бол баг байгуулан хувиараа ч оффис болон хувь хүмүүстээ хамтран ажиллах боломжтой.
13. Жижиг бизнес эхлүүлэх– Өөрийн сонирхлоо хөгжүүлэн багахаан хөдөлмөр зарцуулснаар шинэ бизнес эхлүүлэх боломжтой. Гар урлал, хатгамал, зураг хэвлэх гэх мэт.
14. Цагийн ажил– Дээрх санаанууд нэмээд хэлэхэд маш олон цагийн ажлууд байдаг. Зөөгч, ачигч, үйлчилгээний ажил г.м хайж үзвэл хэдэн арваараа олдох цагийн ажлуудыг албан ёсны ажил зуучлагч компанитай холбогдон олохыг зөвлөж байна.