Өчигдөр хуралдсан Улсын Онцгой комиссын хурлын тэмдэглэл, шийдвэрүүдтэй холбогдуулан Хэнтий аймгийн Онцгой комисс өнөөдөр өглөө 7:30 цагт хуралдаж дараах шийдвэрүүдийг гаргалаа.
- Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан орон нутагт зорчигч тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 08:00 цагаас 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 08:00 цаг хүртэлх хугацаанд түр хязгаарлав.
- Аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд архи, согтууруулах ундааг худалдан борлуулах, түүгээр үйлчлэх үйл ажиллагааг 2020 оны 03 дугаар сарын 03-ныг хүртэлх хугацаанд түр зогсоолоо.
- Хэсэгчилсэн байдлаар өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа албад болон байгууллагуудын /Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Авто тээврийн үндэсний төв, Эрүүл мэндийн газар, аймаг, сумдын Онцгой комисс, Засаг даргын Тамгын газар / үйл ажиллагааг хэвийн явуулж, төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгжүүдийн албан тушаалтнуудыг 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд ажлын тусгай горимд шилжүүлэн ажиллуулахыг байгууллагын дарга, захирал нарт зөвшөөрлөө.
- Баар, караоке, спорт заал, бялдаржуулах төв, шашины байгууллагуудын үйл ажиллагааг 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд түр зогсоов.
- Коронавируст /COVID-19/ халдварын нөхцөл байдалтай холбогдуулан нутаг, дэвсгэрийн хэмжээнд бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх, Коронавируст халдвар гарсан улс оронд оршин сууж байсан, дамжин өнгөрсөн, халдвартай хүнтэй болон сэжиг бүхий хүнтэй хавьтал болсон / хамт байсан, нэг унаанд суусан зэрэг /өгүүлэмжтэй хүмүүсийг тусгаарлах байранд 14 хоног өөрсдийнх нь зардлаар тусгаарлаж, шинжилгээний хариу гартал ажиглалт хийж шаардлагатай тохиолдолд мэргэжлийн байгууллагаас зөвлөгөө авч ажиллахыг Эрүүл мэндийн газар, сумдын Засаг дарга нарт үүрэг болголоо.
- Тусгаарлах болон ажиглалт хийх байрыг бэлтгэхтэй холбогдуулан гарах зардлыг орон нутгийн нөөц боломжийг дайчлан, ард иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудтай хамтран санхүүжүүлэхийг Санхүү, төрийн сангийн хэлтэс С.Нямдаваад зөвшөөрсүгэй.
- Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг аймгийн Засаг даргын орлогч Г.Хэрлэнчулуун, Шуурхай штабын дарга дэд хурандаа Н.Чанцал нарт даалгасугай.