Ирээдүйд Монголынхоо нэрийг дэлхийд гаргасан мундаг дизайнер болоод эхийн хайраар дутагддаг асрамжийн газрын хүүхдүүд болон өндөр настай хүмүүст өөрийн гараар хувцас урлаж өгөх мөрөөдөлтэй О.Ундрал охин ирэх гуравдугаар сарын эхээр хагалгаандаа орохоор болжээ. Түүний хандивын дансанд 40 гаруй сая төгрөг цугласан байна. Хэрэв та манай сайтын байнгын уншигч бол ямар учиртай охин бэ гэдгийг нь төвөггүйхэн мэдэх байх.
Харин хараахан уншиж амжаагүй хүмүүстээ хандаж хэлэхэд, Анх бид мөнгө, үнэт эдлэлтэй түрийвч олсон ч эзнийг нь эрэн хайж буцаан өгсөн Б.Уранбатын тухай сурвалжлагыг манай сайт хамгийн анх нийтэд мэдээлсэн бөгөөд хүүтэй ярилцах явцдаа ангийнхан нь ангийнхаа өвчтэй О.Ундрал охинд туслахаар гар урлал хийж байгаа зэргийг сурвалжлан хүргэсэн билээ.
Тодруулбал, биднийг Н.Уранбат хүүгээс ярилцлага авахаар очиход, Дөнгөж 12-хон настай хүүхдүүд өөрсдөө санаачлан, ангийнхаа найзын эмчилгээний зардалд бага ч болов нэмэр болохын тулд, гарын доорх материалаар өөрсдийнхөө хийж чадах бүтээлүүдээ сэтгэл шингээн урлаж байгаа гэх сайхан мэдээ угтсан юм. Мөн тус ангийнханд өвчинд шаналж яваа найзыгаа цүнх үүрүүлдэггүй, сургуулийн коридороор явахдаа хүүхдүүд мөргөж, гэмтээж өвтгөхвий гэсэндээ голдоо хийж явдаг гээд сэтгэл хөдөлгөм хийгээд хүнлэг зан чанар олон байсан юм. Тиймээс бид тус ангийнхны тухай дөрвөн цуврал сурвалжлагын бэлтгэн хүргэсэн.
Сурвалжлага нийтлэгдсэний дараа О.Ундрал охинд туслахыг хүсч буйгаа илэрхийлсэн сайхан сэтгэлтэй хүмүүс манай сайтад маш олноороо хандсан юм. Тэдний дунд “Эгчээ би ээж аавынхаа өдөрт өгдөг 2 мянган төгрөгийг цуглуулж байгаад 10 мянга болохоор нь өгөх гэсэн юм болох уу” гэх жаахан охин, “Бид нар багшаасаа зөвшөөрөл авчихсан. Хүүхдүүдтэй хамт гар урлалын бүтээл хийгээд сургууль дээрээ аян өрнүүлээд зарах гэсэн юм” гэх сурагчид гээд чин сэтгэлийн хандив тусламжийг мөнгөтэй, баян нь биш сэтгэлтэй хүн өгдөг гэдгийг нотлон харуулсан сайхан хүмүүс олон байсан юм.
Мөн хүнлэг сайхан сэтгэлтэйгээрээ алдартай Г.Пүрэвбаяр багштай 7Е ангийнхныг өнөөдөр бараг бүх хүн таньдаг болж. Бас маш олон хүн их бага гэлтгүй чин сэтгэлийн тусламж, дэмжлэг үзүүлсэн байна.
Гэгээлэг мөрөөдөлтэй бяцхан охинд тусалж, бүрэн эдгэрээд ирэх сэтгэлийн дэм хайрласан Монгол түмэндээ баярлалаа.