Дорноговь аймгийн Сайншанд сумын ЗДТГ-аас “Тэмээн поло”, “Атан тэмээний уралдаан”, “Сайхан буур” шалгаруулах тэмцээнийг Зүүнбаян багт нэгдүгээр сарын 25-нд зохион байгууллаа. Тэмээн сүргийн үүлдэр угсааг сайжруулж, тоо толгойг өсгөх, малчдын туршлагыг солилцуулах зорилгоор зохиогдсон тэмцээнд Дорноговь аймгийн таван сумын 10 багийн малчид оролцлоо. Тэмээн поло тэмцээний тэргүүн байрт Улаанбадрах сумын “Сангийн далай-2” баг шалгарч шилжин явах цомын эзэн болсон бол дэд байрт Улаанбадрах сумын “Аргалант” баг, гутгаар байрт Эрдэнэ сумын “Еншөөв” баг тус тус шалгарчээ. “Хурдан атны уралдаан”-ны тэргүүн байрт Улаанбадрах сумын Н.Энхбатын хөх зүсмийн ат, аман хүзүүнд Улаанбадрах сумын Б.Ариунболдын шар ат, айргийн гуравт Сайншанд сумын У.Төмөрчөдөрийн хөх ат, айргийн дөрөвт Сайхандулаан сумын М.Цэвээндоржийн улаан ат, айргийн тавд Сайншанд сумын П.Алтансүхийн хөх ат тус тус хурдлав.
Тэмээний уралдааны үеэр малчид мал сүргээ адгуулж хариулахдаа мотоцикл, машинаар бус морь, тэмээгээ унаж малаа хариулах нь монгол уламжлалаа хойч үедээ өвлүүлэх, соёл зан заншлаа авч үлдэхэд тус дэм болох талаар ярилцсан байна. Наадмыг нутгийн иргэд төдийгүй гадаадынхан ч зорин ирж үзжээ.