Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын тушаалаар Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 1-5-р ангийн сурагчид арванхоёрдугаар сарын 22-ноос 2019 оны хоёрдугаар сарын 10-ныг дуустал, 6-12-р ангийн сурагчид арванхоёрдугаар сарын 29-нөөс хоёрдугаар сарын 10-ныг дуустал амрахаар болсон. Харин орон нутгийн сургуулийн бүх ангийн сурагчдын амралт арванхоёрдугаар сарын 22-ноос нэгдүгээр сарын 20-ныг дуустал үргэлжилнэ.
Гэвч сайдын тушаал зарим сургуульд үйлчлэхгүй, үйл ажиллагаагаа явуулсаар байна. Сурагчдыг ийн урт хугацаагаар амраах болсон шалтгаан нь:
- Монгол Улсын Их Хурлын “Агаарын бохирдлыг бууруулах зарим арга хэмжээний тухай” 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 02 дугаар тогтоолын 7 дугаар заалт, “агаарын бохирдлоос хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах, урьдчилан сэргийлэх
- Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмж, Эрүүл мэндийн яамны саналд үндэслэн шийдвэр гаргасан.
Угтаа утааны улиралд агаарын бохирдлын улмаас томуу, томуу төст өвчний тархалт ихсэж, бага насны хүүхдүүд өвчлөх тохиолдол нэмэгддэг тул сурагчдын эрүүл мэндийг хаа, хаанаа бодолцож бүх сургуулийг амраагаад байгаа.
Гэвч манай улсад үйл ажиллагаа явуулдаг, хамгийн өндөр төлбөртэйд тооцогддог, “American school of Ulaanbaatar”, “British school of Ulaanbaatar”, хуучнаар “Эрэл” сургууль буюу “English school of Ulaanbaatar” зэрэг хувийн сургуулиуд сайдын тушаалыг үл харгалзан хичээллэж байна.
Ингэж, сайдын тушаалыг “тоохгүй” хичээлээ хөтөлбөрийн дагуу хэвийн үргэлжлүүлэх шалтгаан бас тэдэнд бий гэнэ.
Эдгээр сургуулиуд нь хичээлийн хөтөлбөрөө жилийн өмнө баталж, гадаад багш нартайгаа гэрээ байгуулж хувиарын дагуу урин авчирч хичээл заалгадаг байна. Иймд гэнэтийн ийм шийдвэрийг дагаж мөрдөхөд хүндрэл учирч, эцэг эхчүүдийн болоод багш нарын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхэд асуудал үүсдэг гэдгийг учирлав. Урт хугацаагаар хичээл амрахаар хөтөлбөрөө хугацаанд нь судалж амжихгүй, гадаадаас ирсэн багш нарыг буцаахад асуудал үүсдэг аж.
Гэвч БСШУС-ын сайд тушаал гаргахдаа “өмчийн хэлбэр үл харгалзан бүх сургуулиад сайдын тушаалыг дагаж мөрдөнө” гэдгийг тусгаж өгсөн. Сайдын тушаалыг “тоохгүй” байлаа гэхэд утаанд хордох, ханиад томуугаар өвчлөх эрсдэл өндөртэй үе хэмээн 12-1 сарыг нэрлэж ийн сурагчдыг амраагаад буй. Гол нь энэ. Гэвч сурагчдын эрүүл мэндийг бодолцож үзэхгүй, зөвхөн хичээлийн хөтөлбөрөө багтаан судлах ёстой хэмээж буй нь зүйд нийцэхгүй.
Хэрэв дээр дурдсан сургуулиуд сайдын тушаалыг үл харгалзан үйл ажиллагаагаа явуулсаар байвал эхний ээлжинд албан шаардлага хүргүүлж, Зөрчлийн тухай хуулиар зохих арга хэмжээ авна. Цаашид тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авна гэдгийг НМХГ-аас анхааруулав.