Энэ долоо хоног улс төрийн хоёр ч сонирхолтой өрнөлөөр эхлэв. Нэгдэх нь АН-ын Удирдлагын зөвлөл хуралдаж УИХ-ын ээлжит бус сонгууль явуулахыг шаардах тухай байр сууриа албан ёсоор илэрхийллээ. Тэдний хувьд үүнийгээ улс төрийг гацаанаас гаргах нэг боломжит хувилбар хэмээн харж байгаа аж. Ингэснээр улс төрийн акци дахин нэгээр нэмэгдэж, өнөөгийн эрх баригч хүчний дотор гарсан гал цурманд орж амжаагүй байтал дахиад гаднаас нь тавьж байгаатай адил явдал болж байна.
Хоёр дахь нь МАН-ын дүрмийн өөрчлөлтийг Улсын дээд шүүх бүртгэж баталгаажуулсан явдал байв. Дээд шүүхийн энэ шийдвэр улс төрийн өрнөлийн ерөнхий зүг зовхисыг тодорхойлоход чиг баримжаа болж мэдэх нигууртай.
Эрх баригч МАН өнгөрсөн оны 12 дугаар сарын 19-нд Бага хурлаа хийсэн. Энэ Бага хурлаар хэлэлцсэн асуудлын нэг нь дүрэмэндээ өөрчлөлт оруулах тухай байсан билээ. Нөгөө ирж л байдаг, явж л байдаг гэдэг шиг улс төрийн хүчнүүд дүрэмдээ өөрчлөлт оруулж л байдаг. Ингэх нь бараг л хэвийн үзэгдэл. Тухайлбал, МАН 2017 онд хуралдсан 28-р Бага хурлаараа намын дүрэмдээ 50 орчим өөрчлөлт оруулж байв. Тэгэхээр дүрэмдээ өөрчлөлт оруулж буй, түүнийг нь УДШ бүртгэж байгаа нь гадна өнгөнөөсөө гайхаж шогшрох асуудал огтхон биш боловч харин энэ удаагийн өөрчлөлт болон бүртгэлд анхаарал татах шалтгаан байгаа юм.
“Монгол Ардын намын дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлтийг бүртгүүлэх тухай тус намаас гаргасан хүсэлтийг Дээд шүүх 2019 оны нэгдүгээр сарын 7-ны өдөр хэлэлцэж, тус намын 2018 оны арванхоёрдугаар сарын 19-ний өдрийн Бага хурлын гуравдугаар хуралдааны 06 дугаар тогтоолоор намын дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлт нь Үндсэн хууль, Улс төрийн намын тухай болон бусад хуульд нийцэж байна хэмээн үзэж, тус намын дүрмийн нэмэлт өөрчлөлтийг бүртгэж авлаа” хэмээн мэдээллээ.
Үүний араас үргэлжэх улс төрийн өрнөлийг илүү тодорхой харахын тулд өнгөрөгч 29-р Бага хурлыг эргэн санах хэрэгтэй болж байна.
Өмнөх 28 дугаар Их хурлаар байгуулагдсан Хяналтын ерөнхий хороонд жилийн хугацаанд намын анхан шатны байгууллагаас олон тооны өргөдөл гомдол ирсэн, эдгээрийг үндэслэн Хяналтын ерөнхий хорооноос намын дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг танилцуулсаныг Бага хурлаар дүрэмд өөрчлөлт оруулж баталсан.
Бага хурлаар намын дүрэмд шинээр дөрвөн зүйл, таван заалт нэмж, харин МАН-ын дүрмээс нэг зүйл, нэг заалтыг хасчээ. Намын дүрэмд чухам ямар өөрчлөлт оруулж байгаа талаараа дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй ч үндсэн гол зарчмууд нь зарим эх сурвалжаас тодорхой болсон билээ.
Намын дүрэмд орсон нэмэлт өөрчлөлтийн хамгийн гол акцент өгч байгаа заалт нь гэвэл “Удирдах зөвлөл болон Бага хурлаас гарсан аливаа шийдвэрийг зөрчсөн тохиолдолд намын гишүүнээс гарсанд тооцно” гэж заажээ. Тодруулбал, дүрмийн “6.2-т заасан шаардлагыг биелүүлээгүй бол намын гишүүнээс гараагүйд тооцно” гэсэн заалтыг хасаад “МАН-ын гишүүнээс гарсанд тооцох асуудлыг Хяналтын Ерөнхий хорооны хуралдаанаар шийдвэрлэнэ” гэсэн нэмэлт өөрчлөлт оруулжээ. Өөрөөр хэлбэл намын гишүүн байх эсэх асуудал Хяналтын Ерөнхий хороонд ирж, эрх мэдлийнх нь асуудал болж байна. Тэгэхээр намын Удирдах байгууллагууд тухайлбал, Бага хурал, Удирдах зөвлөлийн шийдвэрийн хэрэгжилт тухайн хувь гишүүний намдаа байх эсэх гол шалгуур болж байна гэсэн үг.
Үүнтэй уялдуулан сануулахад Хяналтын ерөнхий хороо өнгөрөгч оны эцсээр нэр бүхий 5 гишүүнээ намаас хөөх шийдвэр гаргаж байсан удаа бий.
Өнгөрөгч оны сүүлчээр хуралдсан тус намын Бага хуралд оролцсон гишүүдийн 95 хувь нь УИХ-ын даргад ёс зүйн хариуцлага тооцох нь зүйтэй гэсэн тогтоолыг дэмжсэн байдаг. Харин энэ тогтоолтой намын дүрэм хэрхэн уялдаж байгааг анзаарахад төвөгтэй биш. Тийм болохоор л дээрхи дүрмийн өөрчлөлтийг ганц хүнд зориулсан хэмээн шүүмжилж байсан билээ.
Бага хурлын дүрэмд оруулсан өөрчлөлт үүгээр хязгаарлагдахгүй. Намынхаа дэргэдэх дөрвөн байгууллагын дүрэмд өөрчлөлт оруулж, насны хязгаарыг тогтоож, дүрмийн нэмэлт өөрчлөлтдөө тусгасан. Тухайлбал, Оюутны холбоонд 25 хүртэлх насны оюутнууд харьяалагдах бол 35 хүртэлх залуучууд Залуучуудын холбоонд, хуулиар заасан тэтгэврийн насны хүмүүс Ахмадын холбоонд харьяалагдах тухай өөрчлөлт хийжээ.
Мөн бүх шатны намын хурал болон намын дотоод үйл ажиллагааны үеэр бичлэг хийх, зөвшөөрөлгүйгээр намын дотоод үйл ажиллагааны тухай олон нийтэд мэдээлэл гаргасан тохиолдолд тухайн гишүүнийг намын дүрмийг зөрчсөн хэмээн үзэж хариуцлага тооцохоор тусгажээ. Гэхдээ энэ бол нэг их онцлоод байх өөрчлөлт бас биш.