Хүйтний улирал эхэлсэнтэй холбогдуулан амьсгалын замын цочмог халдвар эрс нэмэгдэж, нийслэлийн эмнэлгүүд өндөр ачаалалтай ажиллаж байна. Дүүргийн эрүүл мэндийн төвүүд болон салбар амбулаториудын хүүхдийн кабинет өнгөрсөн бямба, ням гарагт 10.00-19.00 цагийн хооронд ажилласан. Нийслэлийн хэмжээнд амбулаторийн 61.887 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 3118 тохиолдол оношлогджээ. Энэ нь нийт үзлэгийн 5.0 хувийг эзэлж байна.
Дүүргийн эрүүл мэндийн төв ачаалал ихтэй ажиллаж байгаа энэ үед анхдагч шат болох Өрхийн эрүүл мэндийн төвд ачаалал хэр байгааг талаар сурвалжлахаар Баянзүрх дүүргйн 21 дүгээр хорооны “Ачитсайхан” өрхийн эрүүл мэндийн төвд очлоо.
Амьсгалын замын өвчлөл ихсэхэд нэг, хоёрдугаар шатны эмнэлгүүдийн ачаалал ч нэмэгддэг. Тус эмнэлгийн хувьд томуу, томуу төст өвчлөл, нийт үзлэгийн 9.1 хувь, өдрийн үзлэгийн 5 хувийг эзэлж байгаа статистик мэдээлэл гаргажээ. Тус ӨЭМТ-өөр өдөрт 200 гаруй хүн үйлчлүүлж, эмнэлгийн тусламж үйлчилгээ авдаг байна. Тэд амбулатоийн үзлэг болон гэрийн эргэлт, дуудлагаар үзлэг хийж өдөрт 200 гаруй хүнийг үзэж байгаа нь ӨЭМТ-ийн хувьд ачаалал их байна гэдгийг эмч ажиллагсад хэлж байлаа.
БЗД-ийн 21 дүгээр хороо бол 100 хувь гэр хороолол байдаг. Яндан болгоноос утаа гардаг гэсэн үг. Энэ утгаараа 21 дүгээр хороо болон Дарь эхийн хэсэг утааны голомтот бүсэд багтдаг.
Тиймээс ч хорооны иргэд агаарын бохирдлоос үүдэлтэй амьсгалын замын өвчлөлд өртөмхий байдаг. Дээрээс нь иргэд өглөө 8.30 цагаас эмнэлэг нээгдэхэд үзүүлэхгүй. Бага үдэд буюу 10.00 цагийн үед ирснээр эмнэлгийн ачааллыг бүр нэмэгдүүлж, оочёр дугаарыг ихэсгэдэг байна. Ингэснээр эмч нар цайны цаггүй үйлчлэхэд хүргэж байгааг эмч нар хэлж байлаа.
Тус эмнэлэг нь нийт 15 ажиллагсадтай 7 эмчтэй. Үүнд уламжлалт, сэргээн засах эмч, эмэгтэйчүүдийн эмч багтдаг. Харин дөрвөн их эмч нь хорооны иргэдэд үзлэг хийдэг. Тэгэхээр өдөрт 200 гаруй хүн үздэг гэж бодох юм бол өдөрт дунджаар 40-50 хүнд үйлчилдэг байна. Тиймээс эмч нар иргэдэд зөвлөгөө өгч чадахгүй байгааг гэдгээ ч хэлж байлаа.
Нийслэлийн хэмжээнд эмэгтэйчүүдийн мэргэжлийн эмч ажилладаг ганцхан өрхийн эмнэлэг байдаг нь Ачитсайхан ӨЭМТ юм. Дүүргийн эмнэлгээс нэлээд алслагдсан байдаг учир хүүхдийн өвчлөл, хүүхдийн эндэгдлийг бууруулах зорилгоор зайлшгүй эмэгтэйчүүдийн эмч ажилладаг аж. Мөн хүүхдийн их эмч, уламжлалт, сэргээн засах эмч ажилладаг байна.
“Ачитсайхан” ӨЭМТ-ийн дарга хүүхдийн их эмч Т.Аваргатай ярилцлаа.
Т.Аварга: Иргэд антибиотик уух хэмжээнд хүрсэн хойноо эмнэлэгт ханддаг
-Дүүргүүдийн эмнэлэг ачаалалтай ажиллаж байна. Ачитсайхан ӨЭМТ-ийн хувьд ч ачаалал их байгаа нь харагдаж байна?
–Өвлийн улиралд ханиад томуу ихэсч эмч нарын ачаалал нэмэгддэг. Энэ жил манай эмнэлэг механик аргаар цэр авдаг брэнд эмчилгээ бий болгосон. Энэ эмчилгээг хийснээр 21 дүгээр хорооны хүүхдүүд өвчин нь хүндэрч сэхээнд орохгүй байна. Эмнэлэгт хэвтэх хэвтэлт нь багассан байгаа.
Манай хорооны өрхийн эмнэлэг зөвхөн амьсгалын замын өвчлөлийн үед ч биш ер нь л ачаалал их байдаг. Учир нь манай хороонд 15 мянга орчим хүн амьдарч байна. Гэхдээ улсын бүртгэлд 11 мянган хүн бүртгэгдсэн байдаг. Зөрүүтэй дөрвөн мянган иргэн нь зөвшөөрөлгүй газар буусан гэдэг утгаараа хорооноос бүртгэж авдаггүй. Энэ олон хүнд үйлчилнэ гэхээр санхүүжилт болон эмч сувилагчдийн орон тоо дутмаг байдаг. Эмч нэмээд үзлэгийн өрөө гаргаж өгье гэхэд байр хүрэлцдэггүй. Харин УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын тусламж, бид бүхний санаачлагын дагуу манай хороонд 50 ортой эмнэлгийг барихаар болсон. Хавраас барилгын ажил эхлэнэ. Энэ эмнэлэг ашиглалтад орох юм бол хорооны иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээ авах таатай нөхцөл бүрдэх юм. Өрхийн эмнэлгийн чанар, хүртээмж ч нэмэгдэнэ гэсэн үг.
-Өрхийн эмнэлэгт эмэгтэйчүүдийн эмч ажиллаж байна гэдэг маш давуу тал юм шигээ. Хорооны эмэгтэйчүүд заавал дүүргийн эмнэлэг рүү явах шаардлагагүй болж байна?
-Хүүхдийн өвчлөл, хүүхдийн эндэгдлийг бууруулах иргэдэд нөхөн үржихүйн боловсрол олгох, эрүүл эхээс, эрүүл хүүхэд төрүүлэх зорилгоор эмэгтэйчүүдийн эмч манай өрхийн эмнэлэгт ажилладаг. Мөн хүүхдийн их эмч ажиллаж байна. Хүүхдийн эмчид зайлшгүй үзүүлэх шаардлагатай хүүхдүүдээ би өөрөө үзээд явчихдаг. Мөн ахмад настнууддаа зориулаад уламжлалт, сэргээн засах эмч ажиллаж байна. Манай эмнэлэгт нарийн мэргэжлийн эмч нар дахиад ч хэрэгтэй байна. Манай хороонд 4 цэцэрлэг бий. Үүнд үзлэг хийхэд 80 орчим хувь нь шүдний асуудалтай, үрэвсэлтэй байна. Тиймээс бидэнд шүдний эмч маш их хэрэгтэй байгаа. Бас л төсөв мөнгө байр байшингийн хүрэлцээгүйгээс чаддаггүй.
-Хүмүүс ер нь өрхийн эмнэлгийн эмч нарт ам муутай байдаг. Гэтэл бүх өрхийн эмнэлэг ингэж ажиллавал хандлага өөрчлөгдөж, өвчлөл буурч, урьдчилан сэргийлж чадах байх. Тиймүү?
-Тийм шүү. Гомдмоор үгс зөндөө л хэлнэ. Эмч үзлэг хийгээд удвал танил талаа оруулчихаад яриад суучихлаа гээд л эхэлнэ. Бас өрхийн эмнэлгүүдийн эмч нарыг мэдлэг муутай гэдэг. Би үүнтэй санал хэзээ ч нийлэхгүй. ӨЭМТ-ийн эмч нар бол маш олон талын мэдлэгтэй чадвартай эмч нар байдаг. Дүүргүүдийн эмнэлэг эсвэл улсын клиникийн эмнэлгүүдэд нарийн мэргэжлийн эмч нартай байдаг. Зүрх судас, чих хамар хоолой, эмэгтэйчүүд, хүүхэд гэх мэтээр. Гэтэл өрхийн эмнэлгийн эмч нар хүүхэд, хөгшид, жирэмсэн эх, зүрхний өвчтэй хүнийг үзэж эмнэлгийн тусламуж үйлчилгээ үзүүлж чадаж байна шүү дээ. Чих нь өвдсөн хүнийг шууд чихний эмч рүү яв гэдэггүй. Анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлээд л явуулдаг. Тийм л хөрвөх чадвартай, үйлчлүүлэгчээ сайн мэддэг эмч нар зөвхөн өрхийн эмнэлэгт л байдаг.
-Томуу, томуу төст өвчний үед иргэд хэрхэн урьдчилан сэргийлвэл өвчлөх эрсдэл буурах вэ?
-Өнөөдөр иргэд өвдсөн хойноо эмнэлэгт ирэх биш урьдчилан сэргийлэх хэрэгтэй байна. Үүний тулд бид маш их сургалт зохион байгуулдаг. Гэтэл иргэд тэр бүр ирдэггүй. Манай хороо агаарын бохирдолоос гадна ундны усны асуудал их байдаг. Зөөврийн ус хэрэглэдэг. Гэдэсний халдвар гарах магадлал их байдаг. Бид сургалтаар гэдэсний халдвараас хэрхэн сэргийлэх талаар эрүүл мэндийн боловсрол дээшлүүлэх сургалтыг явуулдаг. Гэхдээ иргэд сургалтад ирдэггүй. Ингэснээр иргэд адаглаад усны савыг хэрхэн зөв хэрэглэх, ариун цэврийг хангах мэдлэг дутмаг байдаг шүү дээ.
Энэ амьсгалын замын өвчлөлийн үед бол заавал амны хаалт зүүж хэвших хэрэгтэй. Өөрийгөө хамгаална, өрөөлд бас өвчин халдаахгүй гэдгийг мэдэхгүй байна. Мөн эмний зохисгүй хэрэглээ, антибиотикийг дур мэдэн хэрэглэхээс татгалзах хэрэгтэй. Хүний биед гаднаас вирус ороод 38.5 хүртэл халуурахад өвчнөө, вирусыг эсэргүүцэж энтэрферон ялгарч дархлаа сэргэж байдаг. Гэтэл манайхан халуурч эхлэх л юм бол дур мэдэн эм, антибиотик өгч байдаг. Тэгснээр эмний хордлогод ордог. Ямар эм өгч, ямар эмчилгээ хийхийг эмч л мэднэ. Нэг гэр бүл хамгийн эхлээд өвчилсөн хүнийхээ эмийг бүгд уудаг. Энэ маш буруу. Хүн болгон өөр, өөр өвчилдөг. Тиймээс мэргэжлийн эмчид хандах нь хамгийн зөв байдаг. Иргэд ханиад хүрмэгц ирж үзүүлдэггүй. Хүндэрсэн хойно нь ирдэг. Битгий антибиотик уугаач гэхээр эмч нар бичиж өгөөд байна гэдэг. Гэтэл тэр хүн антибиотик уух хэмжээнд хүрчихээд ирээд байгаа юм шүү дээ.