БНХАУ-ын мэдээллийн технологийн тэргүүлэгчдийн нэг “Huawei” компани цахим аюулгүй байдлаа сайжруулахад зориулан хоёр тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болсон тухай тус компанийн гүйцэтгэх захирал мэдээлэв.
Гүйцэтгэх захирал Рэнь Жэнфэйн 180 мянган ажилтандаа илгээсэн захидалд тэмдэглэснээр, аюулгүй байдал, уян хатан чанар болон бүтээгдэхүүний нууцыг чандлан хадгалж, бэхжүүлэх нь компанийн гол зорилт бөгөөд харилцаа холбооны бүтээгдэхүүний найдвартай байдлыг хангах үүднээс уг хөрөнгө оруулалтыг хийхээр болсон ажээ.
Үндэсний аюулгүй байдалд эрсдэл үүсгэж болзошгүй хэмээн АНУ болон Австралид “Huawei” компанийн бүтээгдэхүүнүүдийг зах зээлээс шахан гаргах болсон юм.
“Рэнь Жэнфэйн захидал нь бүтээгдэхүүнийхээ найдвартай байдлыг нэмэгдүүлэхэд компанийн зүгээс ихээхэн хувь нэмэр оруулж буйг харуулж байна” гэж ажиглагчид үзэж байна.