Улиран одож буй 2018 оны шилдэг 10 тамирчныг БНХАУ-ын мэдээллийн “Синьхуа” агентлаг тодруулжээ.
- Лука Модрич(Хорват)
Эдүгээ 33 настай Лука Модрич нь өнгөрсөн есдүгээр сарын 24-нд Олон улсын хөл бөмбөгийн холбооны /FIFA/ “Оны шилдэг тоглогч” шагналыг, 12 дугаар сарын 3-нд “Алтан бөмбөг” шагналыг тус тус хүртсэнээр Лионель Месси болон Криштиану Роналду нарын сүүлийн арван жилийн турш тус шагналуудыг тасралтгүй хүртсэн амжилтыг тасалсан юм. Тэрбээр “Реал Мадрид” багийг Европын хөл бөмбөгийн холбооны Аваргуудын лигт гурав дахь жилээ дараалан түрүүлэх хийгээд хөл бөмбөгийн ДАШТ-д Хорватын шигшээ багийг өндөр амжилт гаргахад ихээхэн хувь нэмэр оруулсан юм.
- Новак Жокович (Серби)
Гэмтэл нь бүрэн эдгэрсний дараа буцаж ирсэн, 31 настай Новак Жокович Австрали болон АНУ-ын нээлттэй “Их дуулга” тэмцээнд тус тус түрүүлж, Мэргэжлийн теннисчдийн холбооноос жил тутам гаргадаг жагсаалтад нэгдүгээрт бичигдсэн юм. Ингэснээр өмнөх онд шилдэг 10-т багтаагүй тамирчин дараагийн ондоо нэгдүгээрт шалгарсан анхны тохиолдол болжээ.
- Симона Байлс(АНУ)
2018 онд Катарын нийслэл Доха хотод зохион байгуулсан Дэлхийн уран гимнастикчдын аварга шалгаруулах тэмцээнээс 21 настай Симона Байлс дөрвөн алтан медаль хүртсэн ба дэлхийн хамгийн олон алтан медаль хүртсэн гимнастикчаар шалгарчээ.
- Элиуд Кипчоге (Кени)
34 настай Элиуд Кипчоге Берлиний марафон гүйлтийн тэмцээнийн үеэр хоёр цаг, нэг минут, 39 секундын амжилт гаргасан нь өмнөх дээд амжилтыг нэг минут 18 секундээр ахиулсан явдал болсон юм. Энэ нь спортын уг төрөлд 1967 оноос хойш гарсан хамгийн өндөр ахиц дэвшил болжээ. Мөн тэрбээр Олон улсын хөнгөн атлетикийн холбооны “2018 оны шилдэг эрэгтэй тамирчин”-аар шалгарсан байна.
- Марит Бьорген (Норвеги)
37 настай Марит Бьорген Пёнчаны Өвлийн Олимпын наадмын 30 километрийн цанын уралдаанд түрүүлсэн юм. Тэрбээр уг Олимпын наадмаас хоёр алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн байна. Ингэснээр М.Бьорген Норвегийн цанын спортын шүтээн болсон бөгөөд өвлийн олимпоос найман алтан медаль хүртсэн тус улсын гурав дахь тамирчин болжээ. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 6-нд тэрбээр зодог тайлахаар болсон тухайгаа олон нийтэд зарласан юм.
- Жу Тин (БНХАУ)
БНХАУ-ын гар бөмбөгийн шигшээ багийн ахлагч 24 настай Жу Тин эх орныхоо багийг Азийн наадамд түрүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан ба түүний баг гар бөмбөгийн ДАШТ-аас хүрэл медаль хүртжээ. Тэрбээр мөн уг тэмцээний шилдэг тоглогчоор шалгарсан юм. Түүнчлэн Ж.Тин Туркт зохион байгуулсан эмэгтэй гар бөмбөгчдийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн байна.
- Юзуру Ханью (Япон)
24 настай Юзуру Ханью шагайн бэртэлтэй байсан хэдий ч Пёнчаны Өвлийн Олимпын наадмын эрэгтэй уран гулгалтын тэмцээнд түрүүлсэн юм. Ингэснээр 1952 оноос хойш уг спортын төрөлд нэг тамирчин хоёр Олимпын наадам дараалан түрүүлсэн анхны тохиолдол болжээ. Мөн тэрбээр Москва хотод зохион байгуулсан Уран гулгалтын “Гран-При” тэмцээний үеэр өөрийн урьд нь тогтоосон амжилтаа эвдсэн юм.
- Льюис Хэмилтон(Их Британи)
33 настай Льюис Хэмилтон “Гран-При” тэмцээнд 11 удаа ялалт байгуулж, “Формула-1”-ийн ДАШТ-д тав дахь удаагаа түрүүлсэн байна. Ингэснээр тус тэмцээнд тав болон түүнээс дээш удаа түрүүлсэн Хуан Мануэль Фанхио (5) болон Михаэль Шумахер (7) нарын хамт жагсаалтад бичигдсэн байна.
- У Дажин (БНХАУ)
24 настай У Дажин Пёнчаны Өвлийн Олимпын наадмын эрэгтэй тэшүүрчдийн 500 метрийн тэмцээнд түрүүлж, шинэ амжилт тогтоожээ. Мөн тэрбээр Олон улсын тэшүүрчдийн холбооны зохион байгуулсан ДАШТ-ий богино зайн төрөлд 39 секундын амжилт үзүүлж, өөрийн тогтоосон дэлхийн дээд амжилтаа шинэчилж чаджээ.
- Катинка Хошсу (Унгар)
29 настай Катинка Хошсу 12 дугаар сард Ханьжоу хотод зохион байгуулсан Усанд сэлэлтийн ДАШТ-д 200 метрийн эрвээхий сэлэлт болон 100, 200, 400 метрийн сэлэлтийн тэмцээнээс нийт дөрвөн алтан медаль хүртжээ. Тэрбээр Олон улсын усан спортын холбооны “Оны шилдэг эмэгтэй усанд сэлэлтийн тамирчин шагнал”-ыг дөрвөн жил дараалан хүртсэн байна.