27 дахь удаагийн Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, багаараа нийт 18 медаль хүртэж, багийн нийлбэр дүнгээр (19401 оноо) БНХАУ болон БНАСАУ-ын дараа гуравдугаар байрт эрэмбэлэгдэж Монгол Улсынхаа нэрийг дэлхийн тавцанд цуурайтуулсан Монголын Оюун Ухааны Академийн тамирчид эх орондоо ирлээ.
Манай улсыг төлөөлөн оролцсон 22 тамирчин 21 орны 260 гаруй тамирчид 3 өдрийн турш оюуны гал гарсан өрсөлдөөнийг үзүүлж нийт 60 медалиас 4 алт, 3 мөнгө, 11 хүрэл буюу нийт 18 медалийг эх орондоо авчирлаа.
Мөн Монголын Оюун Ухааны Академи, Ажнай корпорацийн тамирчин, ОУ-ын Их Мастер, 2017 оны Өсвөрийн дэлхийн аварга Э.Лхагвадулам 10 төрлийн дараах нийлбэр оноогоор 2018 оны Өсвөрийн дэд аварга болсноос гадна тэмцээний “Хоёртын тоолол” төрөлд 30 минутад 5597 цифр цээжлэн алдаагүй санаснаар ОУ-ын Их Мастер Н.Энхшүрийн (5445 цифр) эзэмшиж байсан дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоож 2018 оны Геннисийн номонд бичигдэхээр болсон юм.
“16 настай Э.Лхагвадулам “Хурдны Хөзөр” төрөлд 1 багц буюу 52 ширхэг хөзрийг 18 секундэд тогтоон алдаагүй санаж буй бичлэг”
Түүнчлэн Ой тогтоолтын спортын Их Мастер (Grand Master)-ийн болзлыг Б.Лхагвадорж, М.Уянга, Олон Улсын Мастер (International Master)-ийн болзлыг Г.Мянганбаяр, У.Солонго, А.Одмаа, Т.Тэнүүн, Э.Мишээл, Г.Солонго, Т.Үжин нар тус тус хангаж Дэлхийн холбооны шинэхэн мастерууд боллоо.
Тэдний нэг болох Булган аймгийн Бүрэгхангай сумын харъяат Г.Солонго охин оюуны спортоор ганцхан жил хичээллээд Дэлхийн аваргад оролцож, мөнгөн медалийн болзол хангаж, ОУМ цол хүртжээ.