Монгол Улсын Засгийн газар Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх гурван том төслийг эхлүүлэх хэлэлцээрт өнөөдөр гарын үсэг зурлаа.
Хэлэлцээрт, Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Азийн хөгжлийн банкийг төлөөлж АХБ-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмэн нар гарын үзэг зурлаа.
1.Таван аймагт цэвэрлэх байгууламж барина
2019 онд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Дорноговь, Булган, Сүхбаатар, Хэнтий, Хөвсгөл гэсэн таван аймагт шинээр цэвэрлэх байгууламж барих хэлэлцээрт АХБ-ны төлөөлөл болон аймгийн Засаг дарга нар гарын үзэг зурсан юм.
Аймгийн төвүүдийг ус хангамж, ариутгах татуурга, авто замын сүлжээний хамрах хүрээг нэмэгдүүлэх, төвлөрсөн дулаан хангамжийн үйл ажиллагааг сайжруулах зорилгоор одоо хэрэгжиж байгаа төслийн 15 сая ам.долларын буцалтгүй тусламжаар таван аймагт цэвэрлэх байгуулж барьж байгаа билээ. Үүн дээр нэмж 19.4 сая ам.долларын санхүүжилтийг тусгаж, ирэх онд дээр дурдсан таван аймаг цэвэрлэх байгууламж барихаар болж байна.
Нийт 115 мянган иргэн амьдарч буй эдгээр аймгийн төвүүдийн хуучирч үр ашиггүй болсон, уур амьсгалын эрс тэс нөхцөлд тохиромжгүй байгууламжуудыг хоногт 3000м3 бохир ус хүлээн авч цэвэрлэх хүчин чадалтай шинэ байгууламжуудаар солих юм байна.
Энэхүү төсөл хэрэгжсэнээр ирэх онд нийтдээ 10 аймаг шинэ төв цэвэрлэх байгууламжтай болох бөгөөд цаашдаа бүх аймагт цэвэрлэх байгууламж барихаар төлөвлөж байгааг дуулгасан юм.
АХБ-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмэн
2. Иргэдийн орлогод нийцсэн 10 мянган айлын эко орон сууц барина
Азийн хөгжлийн банкны 133 сая ам.долларын санхүүжилтээр Улаанбаатар хотод 10 мянган айлын орон сууц барих төсөлд талууд гарын үсэг зурлаа. Ингэхдээ нэг ам метр орон сууцыг нэг сая төгрөгт нийцүүлж барихаар төлөвлөсөн бөгөөд үүнийгээ иргэдийн орлогод нийцсэн, эко орон сууцны төсөл гэж нэрлэжээ. Санхүүжилтийн 80 саяыг Азийн хөгжлийн банкнаас бага хүүтэй хөнгөлөлттэй зээл хэлбэрээр олгох бол 53 сая ам.доллар нь буцалтгүй тусламжийн эх үүсвэрээр бүрдүүлж байна. Ингэхдээ Уур амьсгалын ногоон сангаас 50 сая ам.доллар болон Дэвшилтэд технологийн сангаас 3 сая ам.долларын буцалтгүй тусламж олгож байгаа аж.
Байгаль орчинд ээлтэй 10 мянган айлын орон сууцны 1500 нь түрээсийн орон сууц байх бол 5500 нь орлогод нийцсэн орон сууц байна. Харин үлдсэн 3000 орон сууцыг зах зээлийн үнээр борлуулахаар төлөвлөжээ. Эко хорооллуудыг барих газрыг шийдэхдээ сайн дурын үндсэн дээр газрыг орон сууцаар солих зарчимд тулгуурлан хэрэгжих юм байна.
3. Хүүхэд, эмэгтэйчүүдийг хүчирхийллээс хамгаалахад 3 сая долларын буцалтгүй тусламж олгоно
Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр Ядуурлыг бууруулах Японы сангийн 3 сая ам.долларын буцалтгүй тусламжийг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх төсөлд зарцуулахаар талууд гарын үсэг зурлаа. Хэлэлцээрт Монголын талаас Хууль зүй дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр зурлаа. Энэхүү буцалтгүй тусламжийн эх үүсвэрээр гурван аймаг, хоёр дүүрэгт түр хамгаалах байр байгуулахаар болжээ. Мөн гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхэд, эмэгтэйчүүдэд зөвлөгөө өгөх институциудыг чадавхжуулах ажлуудыг үе шаттай хийж, хүүхэд, эмэгтэйчүүдийг хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллахаар болж байна.