Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн УЦУОШАлбанаас гаргасан агаарын бохирдлын судалгаагаар Чингис хот хэвийн гэсэн дүгнэлттэй гарчээ.
Тус байгууллага 2018 оны 1-11 сарын байдлаар нийт 674 агаараас дээж авч шинжилгээ хийжээ. Үүнээс хамгийн их тодорхойлогдсон агууламж нь нэгдүгээр сард байсан байна. Энэ нь MNS4585:2016 стандартын зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс даваагүй буюу хэвийн аж.
Зөвхөн Улаанбаатар хот гэлтгүй хөдөө орон нутагт агаарын бохирдол өвлийн улиралд ихсэх хандлагатай байна. Хэрлэн сумынхан энэ асуудлыг сэдэлжүүлж 2017 онд “Утааны эсрэг хамтдаа” үзэсгэлэн худалдааг зохион байгуулж утаагүй зуух нийлүүлэгч компаниуд болон ус, дулаан хангамжийн байгууллагууд чуулж байсан.
Хэрлэн сум өдөр ирэх бүр тэлж хүн ам нэмэгдэхийн хэрээр машин техник, гэр хорооллын айлуудын утааны эх үүсвэрүүд нэмэгдсээр байгаа юм. Хэнтий аймгийн үе үеийн удирдлагуудын анхаарах ёстой сэдэв болсон утааны асуудлыг нэг тийш нь болгох үүднээс өнөөгийн удирдлагууд шийдэлтэй алхамд хүрч ирэх онд Чингис хотод дулааны цахилгаан станц баригдахаар боллоо.
Мөн Японы хөрөнгө оруулалтаар нарны эрчим хүчийг ашиглан цахилгаан станц барихаар судалгааны ажил хийгдэж байна. Энэ мэтчилэн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт өрнөж ирэх оноос эхлэн Чингис хот агаарын бохирдолгүй жишиг бүс болох юм.