Нийслэлийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Баянзүрх худалдааны төвд өчигдөр орой гал гарсан талаар бид мэдээлсэн. Галын дуудлага өчигдөр оройны 21.56 цагт НОБГ-т ирж, шуурхай ажиллан 25 минутад унтраасан юм.
Энэ талаар НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн Б.Солонготой холбогдож тодруулахад, “Нийслэлийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Баянзүрх худалдааны төвд гал гарлаа гэсэн дуудлага арванхоёрдугаар сарын 18-ны өдрийн 21.56 цагт хүлээн авсан. Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар 22:01 цагт очиж, 25 минут ажиллаж унтраасан. Галын улмаас тус худалдааны төвийн нэгдүгээр давхарт хүнс, барааны зургаан лангуу шатсан. Одоогоор галын дүгнэлт гараагүй байна” гэв.