Өчнөөн муухай юм хийсэн мафийн босс Аль Капонэг хууль цагдаагийнхан удаан шалгасаны эцэст татварын хэргээр л ялласан гэдэг, өөр баримт нотолгоо олдоогүй болоод тэр. ЖДҮ мөсөн уулын орой төдий хэрэг байж магадгүй ээ, гэхдээ л Аль Капонэгийн татварын хэрэг шиг илэрхий баримттай, нотолгоотой ганц кэйс байна. Гаруудад хариуцлага тооцох ЖДҮ шиг “тэнгэрийн умдаг” олдож байхад гялс атгаад авахгүй өөр юмнуудаар булзааруулаад балайраад байх юм.
Сайхан, муухай улс төрч гэж байхгүй ээ. “Сайхан санагдсан”, “муухай санагдсан” улс төрч л гэж бий. “Энийг ёстой мундаг залуу гэж итгэж байсан юмсан”, “ЖДҮ аваад байхдаа яахав дээ, уг нь сэтгэл зүрх нь эх оронч юм, жаахан гэнэдчихэж..” гэх мэт мэдрэмжээс өөрсдийгөө чөлөөлцгөөе. Жишээ нь 2018 оны Хүүк олон талаараа 2008 оны Элбэгээтэй адилхан л байна. Элбэгээ бас л “Намайг авлигатай тэмцсэн гэж ерөнхий сайдаас огцрууллаа.. Би луйварчдын бүлэглэлээс айхгүй.. Ард түмэн миний талд байна.. Авлигын гинжийг тасална..” энэ тэр гээд яг одооны Хүүк шиг л цамнаж байсан. Юун одоогийн Хүүк Жэнко, тухайн үед Элбэгээ чинь харин жинхэнэ ард түмний баатар байсан юм шүү, тийм ч учраас 7/1-нд 1990 оноос хойш болоогүй том жагсаал болсон. Тэгээд дараа нь юу юу боллоо доо. Одоо Элбэгээ шиг муу хүн алга. Элбэгээ, Хүүк хоёрын стайл имиж өөр байх л даа. Нэг нь 86 суниадаг, нөгөө нь 86 үг хэлдэг. Нэг нь урт шулуун хүзүүтэй, нөгөө нь хүзүүгүй. Нэг нь Путиныг шүтдэг, нөгөө нь Обамаг шүтдэг. Нэг нь өөрийнхөө намыг самарсан, нөгөө нь өрсөлдөгч намаа самарсан гэх мэт. Гэхдээ л улс төрчийн хувьд зорилго, гаргаж буй үйлдэл ялгаагүй байна. МАН, АН хоёр нам ялгаагүй гэдгийг бид 2008 онд ойлгосон, Хүүк Элбэгээ Жэнко Миеэ Намбаваани Наранхүү бүгд ялгаагүй гэдгийг 2018 онд ядаж ойлгоод авахсан. Наранхүү магадгүй гайгүй студитэй, ард түмнийг уяраах гайгүй ТВ нэвтрүүлэг хөтөлдөг байсан бол өдийд ерөнхийлөгч болчихсон ч байх юм билүү хэн мэдлээ, бид цөөхүүлээ, хөнгөн маневр хийхдээ гаргууд, юу ч тохиолдож болдог улс шүү дээ. Одоо “Ард түмэн чамтай хамт” гээд л Хүүкийг шүтээд байгаа улсууд нээх удахгүй “Ард түмэн чамайг шүүнэ новшоо” гээд дөвчигнөөд явж байх вий дээ.
Товчхондоо жаахан прагматик байцгаая нөхдөө, Аль Капонэгийн татварын хэргийг нь “жижиг дунд хэрэг” гээд тоохгүй бусад том хэргүүдтэй нь зууралдсан бол нотолж чадахгүй, Капонэг яллаж чадахгүй ч байх байсан юм билүү. Гарууд өөрт ногдсон ЖДҮ хэмээх тэнгэрийн умдагаа атгаад 950 саяар нь сайхан тэгшхэн жигдхэн авсан байна. Бүгдээрээ ч бас гаруудад хариуцлага тооцох ийм аятайхан боломжийг алдмааргүй байх юмаа.