Орос Япон хоёр Монголыг булаацалдаж Халх голд түншилцсэн гэж дэлхий нийт үздэг. Энэ мөргөлдөөнийг ганцхан улс өөрөөр ойлгодог. Тэр улс нь Монгол. Болъщевик сурталд сэнхэрсэн бид “Орос биднийг элгэндээ тэвэрч, биднийг хүйс тэмтрэх гэж довтолсон Японыг дарж, бидний амийг аварч, аяндаа мөхөх дөхсөн монголчуудыг жаргаасан” гэдэг. Зөвлөлтийн заавраар зохиосон сурах бичгүүдийг нээгээд үз. Тэнд ийм сургаал одоо ч хахалдаж буй. Өөрөөр хэлбэл миний ач зээ нарын алхам тутамдаа ширхэгчлэн баримтлах номлол энэ. Оросын бидэнд хайрласан жаргал гэж чухам юу байв? Жаргал гэдэг нь яргалал байсныг амь биеэрээ төлсөн монгол зөндөөн. Империалист Япон дийлсэн бол мөн тэгэх л байсан биз. Гагцхүү “нэг нь бурхан нөгөө нь мангас” гэх үзэл шүтэх гоё харагдахаа больжээ. Урьд ч гоё харагдаж байгаагүй л дээ. (Оросын элчин сайд И.К.Азизов “Орос ах” гэж монголчууд бидэнд нялуурдагт дургүй гэж “Зууны мэдээ” сонины 2014-08-14-ний дугаарт ярилцлага өгч). Сэтгэлд наалдсан ийм үг яриатай орос залуустай найзлаж явлаа хөөрхий. Оросын дисседент зохиолчдын бүтээл цагийн урсгалд орой руу ордог тул тэднийг би агуу жолоодогчдоос нь илүү хүндэлдэг.
Коммунизмд жаргаах хийрхэл 1990 онд ашгүй унтрав. Уг нь Орос Япон хоёр Монголыг булаацалдахдаа тэртээ дээгүүр нүдэлдээд, ялсан нь манийг эзэлдэг л юм байгаа биз, харин бид “Хоёр эзлэн түрэмгийлэгчийн хэн нь дийлдэг юм бол доо Гомбогүр минь” гэж залбираад, ямар ч зэвсэггүй гар мухар хойно цоо буудуулах духаа далбагар нударгаараа халхлаад хэвтэж байх байсан. Ингэх нь эсэргүүцэх тэнхэлгүй цөөн буурай ардад шившиг бус эмгэнэлт тавилан юм. Хэн ч өрөвдөж уучилмаар. Монголчуудыг дайнд хөөж оролцуулсан нь Орос БНМАУ-ыг Японоос “өмөөрөгч” гэх суртал дэвэргэхэд оршиж байв. Оросын энэ жүжигт харанхуй Монголоос өөр улс хууртагдаагүй. Колончлогч хоёр том гүрний цус урсгасан алалцаанд шахалтаар оролцож, сая хүрэхтэй үгүйтэй хүнийхээ 237-г алдсан нь ядмаг айлын зовлон барагдашгүй гээч болсон. Байлдах дуртайгаараа Орос Япон хоёр л байлдана биз, бидэнд энэ дайн ямар хамаатай юм бэ гэж дотно нөхдөдөө цуурсан ерөнхий сайд П.Гэндэн Москвад цаазлуулсан. Энэ цааз БНМАУ Халх голын тулалдаанд хүслээр бус хүчинд автаж орсныг гэрчилдэг. Ямар ч гэмгүй ядуу дорой ардаа өрөвдөж хамгаалсан ерөнхий сайд П.Гэндэнгийн амнаас унасан цөхрөлийн үг ардын дайсны үг бусыг өдгөө ч бид ухаарахгүй тэнэгтдэг. Түүнийг МАХН-ын тэгш эрхтэй гурван даргын нэг Ө.Бадрах Сталинд байнга матаж байжээ. Ө.Бадрах З.Шижээ хоёр Кремльд атгуулсан Коментерний даалгавраар Бүгд Найрамдах Дөрвөд Ард Улс байгуулах гэж зүтгээд хожим нь П.Гэндэнгийн араас Москвад цаазлуулсан гашуун түүх бий. 149 монгол Москвад цаазлуулсан баримт ил болсон. Бээжинд хэд юм бол?
“Монголчуудыг толгой дараалан устгах зорилготой япончуудыг аврагч бурхан-орос ахынхаа ачаар дийлсэн нь маш азтай ялалт” гэх мунхрал бидний тархинд одоо ч буглаастай. Уг нь хоёул цөлмөх гэж дайрснаас бус хоёул аврах гэж булаацалдаагүй. Монголыг нөлөөллийн бүс болгохоор олзны хойноос тэмцэлдсэн хоёр их гүрний тулалдаанд үрэгдсэн орос япон цэргүүд хөөрхий ч тэднээс илүү бидэнд огт хамаагүй дайнд алтан амиа алдсан 237 монгол цэрэг минь даанч хөөрхий. Энэ тоо үнэн эсэхийг бүү мэд. 237-гийнхоо хойноос монгол түмэн зул бадрааж, маани хөгжөөсөн билүү? Зайсан толгой дээр ашиг сонирхлоо тэлэх гэсэн эзлэн түрэмгийлэгч Оросын хөшөөг сүндэрлүүлснээс Халх голд үрэгдсэн 237-н хөөрхий үрсийнхээ буяныг шүншгэлсэн мөнхийн зултай суварга бүтээгээд хааяа очиж мөргөж байдаг байж. Халх голын ойг тэмдэглэх гэж ирсэн Путин Медведев нар Жуковын хөшөөнд цэцэг өргөснөөс бус Зайсан толгой дээрх хөшөөг тоож хараа ч үгүй. Энэ хөшөө хэний хэдэн цаасаар бүтсэн юм бол?
Халх голын байлдаанд Япон дийлсэн бол дэлхийн хоёрдугаар дайны дараа Орос манайхаас Японыг хөөх зодооны хөлд монгол цус бүр ч их урсаж, бид эргээд л Орос Хятадын маргааны алим болох байв. Орос Хятад хоёр хэн хэндээ Монголыг бэлэглэж тэвчээгүйд бидний тусгаар тогтнолын баталгаа оршсоноос бус бид тусгаар тогтнолоо зэвсгээр хамгаалсан гэдэг инээдэмтэй. Хойшид ч тусгаар тогтнолоо бид зэвсгээр бус ухаанаар хамгаална. Орос байгаагүй бол манай тусгаар тогтнол замхрахтай адил Хятад байгаагүй бол мөн замхрах байв. Энэ нь бидэнд бурхнаас хайрласан тэнцвэр гэлтэй. II дайны төгсгөл, Зөвлөлтийн ард түмний ялалт, Ялтын гэрээгээр Рүзвэлт, Черчилл, Сталин нарын ар Монголын талаар хүрсэн тохиролцоонд би залбирч явдаг.
Сэлэм эргүүлээд тусгаар тогтнолоо хамгаалах чадвараа бид Хувилай хаанаас хойш алдсан. Гадны сүр хүчин дор сөхөрсөн Түшээт хаан Чихундорж, өндөр гэгээн Занабазар, шанзудба Бадамдорж нар их гүрний ая эвийг олох гэсэн буумхай бодлого арга буюу явуулахад хүрсэн нь “урваач” гэж хожим нь хараалгах сэжүүр болсон ч юм шиг. Галт буутай гүрний өөдөөс нум сумтай дээдэс минь яалтай ч билээ. Халх ноёдыг ямар ч нотолгоогүй “урвагч” гэсэн ганц үгээр түүхэнд шившиглэсэн нь ардчиллын явцад зүй ёсоор бодит судалгаа нэхэж байна. Түүхчидийн амыг иргэн-бид харсаар. Судалгаасаад байх юмгүй, энэ түүх энгийн бидний алган дээр ил байгаа саяхны түүх.
300 жилийн сүүдэр зооглосон Манж гүрэнд насны хугацал нүүрлэснийг соргогоор мэдэрсэн халх ноёд 1910 оноос зай барьж, Монгол төрийг сэргээх гэж оролдсон болтой. 1911 оны зун Богдод даншиг өргөх нэрээр Халхын ноёд-Ханддорж чин ван, Далай ван Гомбосүрэн, Сэцэн хан Гомбосүрэн, говь түшээ гүн Чагдаржав нар Богд уулын аманд нууцаар цуглаж, хаант Оросоос тусламж гуйх гэрээ бичгийг сэм хэлэлцсэнийг бид мэднэ. 1911 оны 12-р сарын 26-нд Бүгд найрамдах засаглалтай улс болсноо тунхаглаж, мөн сарын 29-нд Богдыг хаан ширээнд залж, Чин улсын харъяанаас гарч таван Яамаа байгуулсан. Тухайн үед Манж Чин гүрэн 1990-ээд оны ЗХУ шиг задарч, эрхшээлд нь захирагдсан яс үндэстэнүүд тусгаарлахыг эрмэлзжээ. Манж гүрэн оршиж тогтнохоо болимогц Манжтай байгуулсан түшмэг-дагуул улс явах гэрээгээ Монгол дангаараа цуцалсан нь хууль эрх зүйн хувьд ямар ч маргаан үүсэх шалтгаангүй болсныг манай ноёд цаг алдалгүй овжин ашиглажээ. Энэ тухай манай түүхчид ярих дургүй, харин нийтлэлч Баабар сануулдаг. Монголчуудыг Хятадад уусахаас хамгаалж явсан Манжийн төр мөхмөгц манай ноёд их Хятадын урсгалаас болгоомжлох нь зүй.
1912 оны 2-р сард хятадууд Манжийн эрхшээлээс гарсан бол монголчууд хятадуудаас нэг сарын өмнө Манжаас тусгаарлаж, тусгаар тогтнолоо зарласан аж. Халхын ноёд хэрэв алгуурлаж хятадаас хоцорсон аваас манай тусгаар тогтнол эргэлзээтэй байдалд унах байлаа. Богд тусгаар улсын хаан гэдгээ нотлохын ялдамд Хятадад, “Тусгаар улс болсонд баяр хүргэе” гэсэн захиа илгээсэн нь учир агуулгатайн адил Хятад хариуд нь “Бид Манж Чин улсаас гаралтай нэг гэр бүл шүү” гэж бичиглэсэн нь мөн учиртай. Богд хаант улсын засгийн газраас 1913 онд Өвөр Монголыг чөлөөлөх таван замын цэрэг илгээж, Хятадын хар цэрэгтэй амжилттай байлдаж, өвөрлөгчийн Жирэм, Хөх хотын газар, Сөнөд хошуунд орж ирсэн хятадуудыг хөөж, өвөр монголчуудыг чөлөөлсөн. Харамсалтай нь ар өвөр Монголыг нэгтгэх гэсэн энэ шударга оролдлогыг Орос Хятад хоёр 1913 оны Бээжингийн нууц гэрээгээр зогсоожээ. Эндээс харахад Халхын ноёд уравсан уу, урваагүй юү гэдэг асуулт алган дээр ил мэт. Доройтсон энэ үед нөгөө эх оронч баатарлаг ойрадууд юугаа хийж суусан юм. Халхын муусайн ноёдыг 70 жил урвагч гэж хараалаа. Тэднийг 70 жил гүтгэж зүхээгүй бол би юу гэж маргах вэ. Ойрад Халхын хооронд хэн хэдийд эхэлж яс хаяв аа. Мунхаг тэнэгүүдийн хэрүүл хагарлыг гаднаас хаясан яс сэдрээжээ. Бидний л шившиг.
Манж биднийг хятадад уусахаас 300 жил халхалсныг санаж явах соёл шүү. Ламын шашинт нүүдэлчин аймгуудын далд санаа нэг гэсэн бодлого үе дамжуулан явуулж ирсэн Манж хаад тэр үедээ бидэнд аюул арай багатай байж. Тухайн нөхцөлд Манжийг бараадахаас өөр аятай хувилбар ойр хавьд байсангүй. Галдан бошигт Түвдийн зараалаар халхуудыг усан хулгана болтол элдэж очоод Манжид дарагдсан болохоор тэдний хооронд юу байх нь Ойрад Манжийн хэрэг. Бусдын зах зээлийг талахаар эмс хүүхнүүд нь дээлийнхээ суган дахь өлгийд нялх үрсээ хийгээд морин дэл дээр цавчилдахаас өөр гайхамшиггүй ойрадуудыг дагаснаас будаа гурил эд бараа бүхий Манжтай зах зээлийн журмаар дайн дажингүй түншилсэн нь зөв гэлтэй.
Эргэн тойрон хямралтай, Халхын хүч суларсан үед Түшээт хаан, Цэцэн хан, анхны богд Занабазар нарын явуулсан бодлогод “Бо” намын түүхээр цэнэглэгдсэн түүхчид “урвагч” дүн шууд тавьсан нь түүхэн үнэн болж хувирсан билээ. Гэхдээ хэдий харанхуй ч гэлээ тэр хаан хан гэгээн нар чинь 400-гаад жилийн өмнөх хямрал тулгаралт бүхэнтэй өөрийн биеэр халз мөргөлдсөн болохоор дарангуйлагч намын даалгавартай үзэл сурталч-түүхчид шиг улс төржих сэхээгүй явсан байх гэж хүндлэх эргэлзээ надад төрдөг. 400 жилийн өмнөх халх хаадад “урвагч”, ойрад хануудад “эх оронч” гэх дүн тавьж, ингэснээрээ өндөр цалин хүртэж, энгэр дүүрэн одон гялалзуулан ханхалзах намын ажилтан-түүхч нарт эгдүүцсээр насыг элээв. Халхуудыг эх орондоо хайргүй, тусгаар тогтнолдоо дургүй, Манжид уравъя гэж уриалаад урагшаа зугтчихсан аятай юм эрдэмтэн Далайгаас эхлээд олон профессор номлоод л байсан. Тэдний урдаас ам ангайвал цөллөгийн хаалга нээлттэй цэлийж байв даа.
Хүнгүй шахам Мэнэнгийн болон Баргын нүд алдам талд нутгийн хэдэн халх, барга малчин Халх гол орчимд зурвас газар булаацалдсан гэх шалтаг эргэлзээтэй. Бурмаа сайдын замыг хааж жагссан Халх голчуудын эсэргүүцлийг телевизээр харуулж байсан. Халх голд орос япон монгол цус урсаж шувтарсан бол эдүгээ ОХУ Халхгол сумын төвийг тохижуулах хөрөнгө оруулна гэснээр Солонгосын загвараар жишиг бус болох цэвэр бизнес сэдэл унтрав. ХХ зууны эхнээс (1910-11) монгол эх орончид хоёр их хөрштэйгөө харилцаагаа зузаатгахын хамт гуравдагч гүрнүүдийн шинжлэх ухаан техникийн нөлөөгөөр хоцрогдлоо түргэн арилгахыг олж харсныг хүн бүр сэтгэлийнхээ мухарт нандигнаж явах ёстой хар хайрцагны бодлого шүү. Үндэсгүй магтаж, үндэсгүй муулдаг ухуулга үнэмшигдэхээ болиод манай иргэдийн оюунаас хаягдах гэж дуншиж эхлэв. Энэ сэдвээр иргэд маргах боллоо. Мэтгэлцээн нарийсч ойртсоор үнэнд нэгдэх ирээдүй гэгээрэв. Энэ бол дэвшил. Хуурамч сурталд мэхлэгдэхгүй гэсэн тэмүүлэл ялах нь гарцаагүй. Монголчуудад гэгээрлэл айсуй. Гэгээрэлд одоо хурд чухал байна. Эрх баригчид хулгай луйвраа харилцан ухалцсаны үр дүнд нэг намын дарангуйллаас угшилтай архаг буглаа дэлбэрнэ. Энэ үйл явц хохиролгүй, түргэн хэрэгжээсэй гэж залбиръя. Хэрүүл тэмцлээр нуугдмал идээ бээр ил задгай асгарч иргэдийн ой гутвал тэд итгэл үнэмшлээ төр засгийн худал суртлаас хайхгүй өөрсдөө бие дааж сонгоно. Энэ бол бидний замнасан ардчилсан чөлөөт нийгмийн үнэ цэнэ.