Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах бичгийг УИХ дахь МАН-ын бүлгийн нэр бүхий 27 гишүүн УИХ-д өргөн барьсан. Өнөөдөр АН-ын Улс төрийн зөвлөл хуралдаж, У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газрыг огцруулах нь зүйтэй гэсэн шийдвэрийг гаргаж, УИХ дахь АН-ын бүлэгтээ чиглэл өгчээ. Тиймээс эдүгээ Парламент дахь гурав дахь хүчний төлөөлөл УИХ-ын гишүүн О.Баасанхүү, бие даагч гишүүн С.Жавхлан нарын саналаас Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газар огцрох эсэх нь хамаарах нь. Энэ талаар УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн байр суурийг тодруулахад:
-Засгийн газрын зарим нэг сайдуудыг огцруулах шаардлага байгаа. Тухайлбал, Я.Содбаатар ЖДҮСХ-гаас зээл авч, нэр холбогдсон. Я.Содбаатарт хариуцлага тооцох ёстой. Гэтэл У.Хүрэлсүх зарим сайд нартаа хариуцлага тооцох асуудлыг оруулж ирээгүй. Тиймээс Засгийн газрыг танхимаар нь огцруулах асуудлыг оруулж ирэхээс өөр аргагүй нөхцөл үүссэн. Учир нь хуулиараа ганц нэг сайдыг огцруулах заалт байхгүй.
Миний хувьд Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг судалж байна. Өргөн барьсан бичигт дурдсан үндэслэлийг харвал огцруулахыг дэмжихээс аргагүй. Гэхдээ үндэслэлүүдийг хэр бодитой вэ гэдгийг харах хэрэгтэй гэлээ.