Өмнөговь аймгийн Цогтцэций сум, Цагаан хадны гаалийн хяналтын бүс орчимд монгол жолоочид мөнгөний төлөө зовж, зүдэрч явааг ерөөс тэнд болж бүтэхгүй зүйл олон болохыг онцлон ярих нь олонтаа. Тэгвэл энэ удаад тэндээс өөр нэг мэдрэмж, өөр нэг хүсэл тэмүүлэл, тэс ондоо зориг тэвчээрийг эрж хайсан юм.
Уулзаж, ярилцахыг хүссэн хүн маань жирийн л нэг хөдөө хөхөрч, гадаа гандаж яваа тээвэрчин. Гэхдээ тэр халтайгаад жолоо мушгиж явдаг ч хайрлаж энхрийлүүлэх гэнэхэн хүсэлтэй бүсгүй хүн. Шивээхүрэнгийн боомтод 100 гаруй тонн нүүрс тээвэрлэдэг хүнд даацын автомашин жолооддог энэ эмэгтэй ховорхон хувь тохиолын эзэн гэлтэй. Дэврүүн мөрөөдөлдөө хөтлөгдөн “асч” яваа тэнэгэр говийн тээвэрчин бүсгүй.
Түүнийг Сэнгээгийн Майхүү гэдэг. Өдгөө 29 настай, гурван хүүхдийн ээж. Аав нь цэргийн ангийн жолооч байсан учраас түүний бага нас нүүдлийн “шувуу” шиг л өнгөрсөн гэнэ. Өмнөговь аймгийн Ноён суманд төрж, өсөн, нэгээс наймдугаар ангиа “Ноён”сумын ЕБС-д дүүргэсэн бол харин ахлах ангиа Улаанбаатар хотын БЗД-ийн 79 дүгээр сургуульд дүүргэжээ.
Багадаа дуучин болохыг мөрөөддөг байсан төдийгүй их л дуулах, бүжиглэх авьяастай хүүхэд байсан аж. Мөн түүний өөр нэг хобби үеийн хөвгүүдийг шоглох, тэдэнтэй барилдаж, ноцолдох байж. Сахилгагүй гэж жигтэйхэн “дэрчгэр” шар охин ихэнхи цагийг аавынхаа машины кабинд өнгөрүүлдэг байсан бөгөөд аавыгаа машинаа янзлах бүрийд түлхүүр, багажийг нь ойртуулж өгөх зэргээр тусалсаар техникд дуртай болчихож.
Энэ тухай тэрбээр “Миний өвөө тээвэрчин байсан. Аав маань ч жолооч байсан болохоор ч тэр үү би техникийг их сонирхдог хүүхэд байсан. Хүүхэлдэйгээр тоглохоос илүүтэй унадаг дугуй, тоглоомон машин зэргээр их тоглодог байлаа. Зургадугаар ангид байхдаа л мотоцикл унаад сурчихсан. Аавын эзгүйд машиныг нь нууцаар унасаар байгаад бариад сурчихаж билээ” хэмээн ярьсан.
С.Майхүү “Сити” институтад суралцаж байх хугацаандаа үнэмлэхгүй таксичин байсан гэнэ. Тухайн үед хоёр хүүхэд нь төрөөд удаагүй балчир байсан цаг үе аж. Хүүхдүүдийн аав, ээж хоёулаа оюутан учраас бил нимгэхэн. “Хүний хөгжил” сангаас олгодог 21 мянгаар л амьдралаа залгуулдаг байжээ. Хүүхдүүдээ хоолтой байлгахын тулд нөхрөө санхүүгийн боломжгүйгээс сургуулиас нь гаргахгүйн тул С.Майхүү өөрөө оюутны амьдралаас татгалзаж аавынхаа “Accent” машинаар таксинд явдаг байсан гэнэ. “Тухайн үед хүүхдүүдийнхээ аавтай цуг амьдарч байсан. Амьдралдаа нэмэр болох үүднээс хоёр хүүхдээ хоолтой байлгахын тулд таксинд явдаг байлаа. Ер нь Улаанбаатар хотод дүрэм зөрчиж үзээгүй шүү” хэмээн дурссан.
Энэ магадгүй түүний дурсахыг хүсдэггүй цаг мөчийн нэг байх. Сонгож ханилсан нөхөр нь архинд толгойгоо мэдүүлж, хүүхдүүдээ, амьдралынхаа төлөө тэмцэж яваа эхнэрээ нэг л өдөр орхиод явчихсан тухай С.Майхүү ярихдаа сэтгэлийн тэндээс сэнхийтэл санаа алдсан.
Тэглээ гээд өвдгөө тэвэрч шаналж суухын оронд өөр боломж хайж Шивээхүрэнгийн боомтод ажил хийхээр ирсэн тухайгаа ярихад нь түүний хоолой жаргалтай сонсогдож байлаа. Тэндээс л дахиад шинэ амьдрал эхлүүлэх хүсэл тэмүүллийг олж авсан болохоор тэр биз.
С.Майхүү үсчин мэргэжил эзэмшиж амжжээ. Улс хоорондын тээвэрт олон жолооч явдаг тул боомт орчим үсчин ажлуулбал илүү ашигтай хэмээн алс хэтийг төлөвлөж очсон ч санаснаар болоогүй, буудлын үйлчлэгчээр ажиллаж байжээ. Ингэж яваад тэрбээр найз залуутайгаа танилцсан аж. Тэр хүн түүнд дахин шинэ амьдрал зохиох итгэл “өвөрлүүлсэн” гэнэ. Энэ тухай “Жолооч болох, өөрийгөө хурцалж өдий зэрэгтэй амьдрах ганц том шалтгаан амьдралд шантарч явсан үе минь. Дахин хөл дээрээ босох аргаа олохгүй тэмтчиж явах үедээ би энд ирсэн. Ирээд найз залуутайгаа танилцсан. Тэр маань жолооч учраас би түүнээс жолооч болгоод өгөөч гэж гуйсаар зөвшөөрүүлж, машин барихыг заалгасан” хэмээн ярьсан.
Тээвэрчин бүсгүй 2013 онд анх жолооны үнэмлэхтэй болсон бол хүнд даацын автомашин жолоодох эрхийн үнэмлэхийг 2016 оны наймдугаар сард авчээ. Өдгөө Шивээхүрэнгийн боомтод улс хоорондын тээвэрт яваад сард хэдэн удаа тээвэрлэлт хийсэн түүгээрээ бодуулж, дунджаар 1 сая 200 мянгаас 3 сая орчим төгрөгөөр цалинждаг байна.
Шивээхүрэнгийн боомтод С.Майхүүгээс гадна 9 эмэгтэй жолооч байдаг гэнэ. Эрэгтэй жолооч олон тул цөөн хэдэн эмэгтэй жолоочоо ихэд хайрлаж, тусалдаг аж. “Өвөл том машин бариад хол замд явах хүнд. Гэхдээ манай эрэгтэй жолоочид дугуй хагарсан ч нөхөөд л өгдөг юм. Миний хувьд найз залуутайгаа хамт явдаг учраас харьцангуй бэрхшээл бага. Тэр хүн миний засварчин, багш болж явдаг” хэмээсэн юм.
С.Майхүүгийн том охин нь хоёрдугаар анги, хүү нь нэгдүгээр ангийн сурагч бол бага нь удахгүй ой хүрнэ. “Халтайчихаад хайртай бүхэн рүүгээ “үхтлээ” тэмүүлэх тэр мэдрэмж хамгийн гоё” хэмээхдээ тэр сая нэг бүсгүй заяандаа түр саатах шиг “танхилхан” инээвхийлж билээ.
“Хүүхдүүдээ их л санах юм. Байнга хамт байж чаддаггүй болохоор би сайн ээж биш л дээ. Гэхдээ тэднийхээ сайхан ирээдүйн төлөө л хөдөлмөрлөж явна. Хүүхдүүд минь миний амьдрал” гэж С.Майхүү ярьсан. Мөн тэрбээр “Уурхай ачихгүй эсвэл оочер ихтэй нөхцөлд 2-3 хоног дугаарлаж зогсох энгийн л асуудал. Амьдралынхаа ихэнхи цагийг машиныхаа кабинд өнгөрөөдөг болохоор машин миний гэр орон болоод байна” хэмээн ядарч, туйлсан зүйлгүй ярьсан юм.
Өнөөдөр кабинд хонож яваа ч түүний чин хүсэл байртай болох аж. Түүний л төлөө хүүхдүүдээсээ хол хөдөлмөрлөж яваа. Хөдөлмөрийн үр шимд байртай болно гэдэгтээ бат итгэдэг. Тэгээд таньдаг бүх хүнээ дуудаж цуглуулаад “Энэ манай гэр” гээд цай, унд бэлтгэнэ” гэж мөрөөддөг тухайгаа нүдэн харагдаж, сэтгэлд буутал дүрслэн ярих нь даанч хайрламаар дэврүүн…
Тэнэмэл цоохор бэрхшээлийн өмнө тэнцвэр алдаж сөгдөөгүйн учир тэмүүлж, зорьсон бүхэндээ хүрэх бизээ. Тэгээд намайг байрныхаа найранд уриарай гэх дахин уулзахын ерөөлтэй үгийг дайгаад яриагаа өндөрлүүллээ.
Дулаахан говийн өглөөг нартай угтаж, дутаж, ганцаардахын зовлонг бүтэн болгохоор тэмүүлж яваа ийм нэгэн бүсгүйтэй ярилцсаны дараа сэтгэл их л “өег” болчих шиг санагдсан. Амьдрал сайхандаа. Алаг үрстэйгээ жаргаж суух өдөр удахгүй биз ээ.