Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Радио, телевизийн Ёс зүйн хорооны ээлжит хурал 2018 оны аравдугаар сарын 26-ны өдөр болж, ТВ5, ТВ4, “Эко” телевизүүдэд хаягласан гомдлыг хэлэлцлээ.
Тухайлбал, ТВ5 телевизээр 2018 оны есдүгээр сарын 22-ны өдөр цацагдсан “Зэвүүн яриа” нэвтрүүлэг, ТВ4 телевизийн 2018 оны аравдугаар сарын 9-ны өдрийн “Дөрөв дэх засаглал” мэдээллийн хөтөлбөр, мөн “Эко” телевизээр 2018 оны тавдугаар сарын 17-ны өдөр цацагдсан “Хаалттай хаалганы цаана” нэвтрүүлэгт сэтгүүлчийн ёс зүйг зөрчсөн гэсэн гомдлыг Хэвлэл мэдээллийн зөвлөлд ирүүлсэн юм.
Радио, телевизийн Ёс зүйн хорооны гишүүд дээрх гурван гомдлыг хэлэлцээд ТВ5 болон “Эко” телевизэд хаягласан гомдол үндэслэлтэй буюу тухайн телевизүүд Хэвлэл мэдээллийн Ёс зүйн зарчмыг зөрчсөн гэж үзлээ. Харин ТВ4 телевизэд гомдол гаргагч энэ асуудлаар давхар хууль хяналтын байгууллагад хандан гомдол гаргасан учраас хэлэлцэхийг түр хойшлуулахаар шийдвэрлэлээ.
Гомдлуудын талаар товч дурдвал:
ТВ5 телевизийн “Зэвүүн яриа” нэвтрүүлэгт ирсэн гомдлын тухайд:
ТВ5 телевизийн “Зэвүүн яриа” нэвтрүүлгийн 2018 оны есдүгээр сарын 22-ны дугаарт иргэн Ц.Цэрэндолгор оролцсон. Ц.Цэрэндолгорыг хүмүүс “Цэнхэр үст Цэрэн” гэдгээр нь илүүтэй мэддэг. Тус нэвтрүүлгээр Ц.Цэрэндолгор нь өөрийн амьдралын үзэл бодлыг хуваалцаж, олон нийтийн сүлжээнд оффшор, Мууны шашин зэрэг асуудлаар давалгаа үүсгэсэн тухай ярьснаас гадна гэр бүл, бэрийнхээ талаар хөтлөгч сэтгүүлчийн асуусан асуултад дэлгэрэнгүй хариулсан.
Иргэн И.Нямдорж энэ нэвтрүүлэг сэтгүүлчийн ёс зүйг зөрчсөн гэсэн гомдлыг Хэвлэл мэдээллийн зөвлөлд ирүүлсэн. Тэрбээр гомдолдоо “нэвтрүүлгийн хөтлөгч нь “…манай монголчууд их өрөвчхөн тийм ээ, уйлбал өө энэ ямар хөөрхөн юм бэ, ямар өрөвдөлтэй юм бэ гэж өнгөцхөн хардаг хүмүүс байдаг юм шиг байгаа юм…танай бэр Байгалмаа бас уйлаад хүмүүст худлаа ярина, таны хувьд бол худлаа ш дээ тийм ээ”, “та нарын ярьж байгаагаар бол танд шулам шиг бэр таарлаа гэж ойлгож байгаа”, “багтай юм шиг санагдсан таны бэр”, “танай бэр мөнгөтэй юу? Алтантүрүү гэдэг хөтлөгчид мөнгө өгөөд захиалгат нэвтрүүлэг хийх хэмжээний мөнгөтэй юм уу”, “яагаад нүцгэн зураг авахуулсан юм бэ, хэрхэн тарсан бэ” гэх зэргээр ярилцлага авч буй хүнээ өдөөн хатгасан асуулт тавьж, өөрийн үзэл бодлыг оролцуулсан хөтлөлт хийсэн. Ингэснээрээ тухайн сэтгүүлч И.Нямдоржийн эхнэр болох Н.Байгалмаагийн нэрийг албаар түрүүлж дурдан гутааж, нэг талыг барьж дэвэргэсэн мэдээлэл өгсөн, мөн нэвтрүүлгийн үеэр “таны хүү сайн хүү юу, муу хүү юу?”, “…ээжийгээ гомдоож байгаад нь эр хүн эр хүндээ нэг шанаа өгвөл өгчихмөөр хэмжээний зүйл ярьж байгаа…” гэх зэргээр хүний хувийн амьдралд халдан, нийгэмд ямар ч ач холбогдолгүй, хов живийн шинжтэй мэдээлэл хийж, ёс суртахуунгүй бүдүүлэг алдаа гаргасан” гэжээ. Энэ нэвтрүүлэг нь Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмын 1.2, 1.6, 6.2, 6.3 дугаар заалтуудыг зөрчсөн гэж иргэн И.Нямдорж үзсэн юм. /Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмыг дараах холбоосоор орж үзнэ үү. http://www.mediacouncil.mn/page/245?sel=1572&m=1563/
Радио, телевизийн Ёс зүйн хороо хуралдаад иргэн И.Нямдоржийн гомдлуудаас 1.6, 6.2, 6.3 заалтуудыг зөрчсөн гэсэн үндэслэлтэй, харин 1.2-ыг зөрчөөгүй гэсэн дүгнэлт гаргажээ. Тухайлбал, нэвтрүүлэгт уригдан оролцсон Ц.Цэрэндолгорын бэрийн талаарх олны ам дамжсан батлагдаагүй мэдээллийг “ам дамжсан яриа, таамаг” гэдгийг онцлон тэмдэглэлгүйгээр асуусан. Тухайлбал, “танай бэр мөнгөтэй юу, Алтантүрүү гэдэг хөтлөгчид мөнгө өгөөд захиалгат нэвтрүүлэг хийх хэмжээний мөнгөтэй юм уу” гэсэн асуултаа баталгаатай мэдээлэл гэдгийг нотлоогүй, нэвтрүүлгийн зочны нийгмийн ёс зүй, олон нийтийн сүлжээний хэрэглээ, шашны асуудалд баримталдаг байр суурь нь үзэгчдэд хамаатай байсан боловч зочин, зочны хүү болоод бэрийн хоорондох харилцаа нь олон нийтэд төдийлөн хамаатай асуудал биш байсан, нэг цаг үргэлжилсэн ярилцлагын туршид нэг биш удаа зочны хүү болоод бэрийн талаар хөтөлж асуусан нь “олон нийтийн тусын тулд гэдэг ойлголтыг олон нийтэд сонирхолтой мэдээлэлтэй эндүүрч болохгүй” гэсэн заалтыг зөрчсөн. Нийт ярилцлагын явцад дөрвөн удаа бэртэй нь холбоотой асуултыг асуужээ. Тиймээс иргэн И.Нямдоржийн тайлбар үндэслэлтэй гэж Ёс зүйн хороо үзлээ.
ТВ5 телевиз нь энэхүү гомдлын талаар Хэвлэл мэдээллийн зөвлөлд ямар нэг хариу тайлбар ирүүлээгүй юм.
“Эко” телевизийн “Хаалттай хаалганы цаана” нэвтрүүлгийн тухайд:
2018 оны тавдугаар сарын 17-ны өдөр “Эко” телевизээр нэвтэрсэн “Хаалттай хаалганы цаана” нэвтрүүлэгт “Талита Ази” ТББ гомдол гаргасан. “Талита Ази” нь тухайн нэвтрүүлгээр хөндсөн асуудлын гол эх сурвалж юм. Энэ нэвтрүүлгээр “Талита Ази” байгууллагын Монголд хийж байгаа үйл ажиллагаа нь хууль бус байж болох юм гэсэн санааг батлахыг оролдож, охид, эмэгтэйчүүдийг хамгаалж байгаа эсэхийг эрэн сурвалжлахыг “Эко” телевизийн редакц зорьжээ.
“Талита Ази” ТББ нь 2013 оноос Шведийн вант улс дахь “Талита” олон улсын байгууллагын Ази дахь төлөөлөл болон тэдний тусламж дэмжлэгтэйгээр Улаанбаатар хотод ажиллаж байгаа бөгөөд бэлгийн мөлжлөгийн зорилгоор хүн худалдаалах гэмт хэрэг болон биеэ үнэлэх явдлын хохирогч болсон эмэгтэйчүүд, охидод удаан хугацааны сэтгэл зүйн болон нийгмийн үйлчилгээг үзүүлдэг. “Эко” телевиз нь “Хаалттай хаалганы цаана” нэвтрүүлгээрээ үнэнд нийцээгүй, нийтдээ мушгин гуйвуулсан, мэргэжлийн давуу байдлаа урвуулан ашигласан, хувийн нууцад хүндэтгэлгүй хандсан шашин шүтлэг, гэр бүлийн байдлаар ялгаварлан гадуурхсан, бусдын уй гашуу, зовлон шаналалд хүндэтгэлтэй хандаагүй гэж үзээд “Эко” телевиз нь Ес зүйн зарчмын 1.1, 1.2, 2, 3, 4.2, 4.3, 5, 6 дугаар заалтуудыг зөрчсөн гэсэн гомдол ирүүлсэн.
Ес зүйн хороо гомдлыг хэлэлцээд “Эко” телевиз нь Ес зүйн зарчмын 1, 2, 3, 4.4, 6 дугаар заалтуудыг зөрчсөн гэж үзлээ.
Тухайлбал, хоорондоо хамааралгүй хоёр байгууллагын үйл ажиллагааг үндэслэлгүйгээр хамаатуулан, үнэнд үл нийцсэн мэдээлэл олон нийтэд хүргэсэн, “Талита Ази” ямар нэг алан хядагч байгууллагатай холбоотой гэдгийг нэвтрүүлгийн аль ч хэсэгт нотлон харуулж чадаагүй, ингэснээрээ олон нийтийг төөрөгдүүлж, гомдол гаргагчид ноцтой хохирол учруулах нөхцөлийг бүрдүүлсэн, “Талита Ази”-ийн төлөөлөгчдийг телевизийн редакцид ирэхэд зургийг нууцаар авсан, мөн нууц камер, аудио бичлэгээр зарим байгууллагын ажилтнуудын дүрс, дууг авч нэвтрүүлэгт ашигласан, ингэж нууцаар олж авсан мэдээлэл нь тухайн үйл явдлыг ойлгоход онцгой чухал мэдээлэл болохыг тайлбарлаж чадаагүй, энэ мэдээллийг редакц өөр аргаар олох ямар ч боломжгүй байсан, тиймээс нууцаар олж авсан гэдгээ хэвлэлийн зөвлөлд нотолж чадаагүй, “Талита Ази”-ийг алан хядах байгууллагатай холбосноороо ялгаварлан гадуурхсан үр дагаврыг бий болгосон, “Талита Ази” байгууллагын хохирогчдыг хамгаалдаг байр хаана байрлаж байгааг мэдэх боломжтой мэдээллүүдийг олон нийтэд өгсөн, ингэснээрээ тэнд байрлаж байгаа хамгаалуулах ёстой хүмүүст аюул учруулсан гэсэн дүгнэлтийг гаргалаа.
“Эко” телевизийн зүгээс нэвтрүүлэгт хөндсөн сэдвийг эрэн сурвалжлахдаа эх сурвалжийн бүрэн бүтэн байдал, хууль эрх зүйн зохих тайлбар зэргийг мэргэжлийн ёс зүйн хүрээнд бүрэн дүүрэн шингээсэн учраас Ёс зүйн зарчмыг зөрчөөгүй гэсэн тайлбар ирүүлсэн юм.
ТВ4 телевизийн “Дөрөв дэх засаглал” мэдээллийн хөтөлбөрийн тухайд
Иргэн Ц.Сандуйгаас ТВ4 телевизийн 2018 оны аравдугаар сарын 9-ний өдөр цацсан “Дөрөв дэх засаглал” мэдээллийн хөтөлбөрөөр НИТХ-ын даргаар ажиллаж байсан Ц.Сандуй нь өөрийн бие төлөөлөгч болох Гантөмөр гэдэг хүнээр дамжуулан нийслэлийн Сонгинохайрхан, Хан-Уул, Сүхбаатар дүүргийн иргэдээ 200 орчим сая төгрөгийн хандив авч сонгуулийн зардалд хэрэглэсэн, ингэхдээ буух зөвшөөрөлтэй газруудад, тухайлбал, үерийн далан дээр буусан айлуудад газрын гэрчилгээ гаргаж өгч итгэлийг нь олоод хариуд нь хандив босгосон гэсэн мэдээлэл цацагдсан нь ор үндэсгүй худал учраас ТВ4 телевиз нь Ёс зүйн зарчмын 1.1, 1.2, 1.5, 1.6, 1.8, 1.9, 4.2 заалтуудыг зөрчсөн гэж үзэж гомдол ирүүлсэн. Иргэн Ц.Сандуй нь уг нэвтрүүлэгтэй холбоотой асуудлаар нийслэлийн Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст Зөрчлийн тухай хуулийг үндэслэн нэхэмжлэл гаргасан тул Хэвлэл мэдээллийн зөвлөлийн “Гомдол хүлээн авах, барагдуулах журам”-ын 3.5 дахь заалтыг үндэслэн иргэн Ц.Сандуйгийн гаргасан гомдлыг хэлэлцэхийг түр хойшлууллаа.