Өнөөдөр намрын дунд сарын шинийн 15-ний билэгт сайн өдөр тохиож байна. Энэ өдөр нийтлэлийн маань гол баатар Б.Анхболд, М.Түмэнжаргал нарын хуримын ёслол болох юм. Хуванцар сав, лааз түүж бор хоногуудыг өнгөрүүлж ирсэн Б.Анхболд амьдрал хэцүү байна гээд бор дарсанд ороогүй, эхнэр хүүхдээ хайр халамж, энхрийллээр дүүрэн өсгөж байсан нь олон түмний хайр хүндэтгэлийг хүлээж чадсан.
Манай сайтад аав хүү хоёрын талаарх сурвалжлага гарч, Хүүхдийн хүчирхийллийн эсрэг тайван жагсаалын группын гишүүд Б.Анхболдод туслах аян эхлүүлсэн тэр өдрөөс Б.Анхболдын амьдралд гайхалтай үйл явдлууд тохиолдож эхэлсэн юм.
Айлын хашаанд толгой хоргодож байсан тэд сайхан сэтгэлд Монголчуудын буянаар өөрсдийн гэсэн хашаатай болж, өргөө цагаан гэрээ бариад авав. Хүүхдийн хүчирхийллийн эсрэг тайван жагсаалын группын гишүүд өчигдөр Б.Анхболдын гэрийг барьж өгч, шөнийн 23.00 цагийн алдад дууссан юм.
Мөн тэрбээр хэзээ ч төсөөлж байгаагүй төрийн албанд орсондоо ихээхэн баяртай байгаагаа илэрхийлсэн. ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, түүнийг ОБЕГ-т 24 цаг ажиллаад 48 цаг амрах харуулын албанд ажилтнаар авсан билээ.
Түүнчлэн Б.Анхболд анхны сурвалжлагаар өөрийн нууцхан мөрөөдлөө ярьж байсан нь өнөөдөр биелэлээ олж, тэрбээр өнөөдөр гэрлэлтээ батлуулж, хуримаа хийхээр болоод байгаа юм. Б.Анхболдын хуримаа хийж чадахгүй юм аа гэхэд ядаж эхнэрээ хуримын даашинзтай, өөрөө пиджак өмсөөд зураг авахуулж үзэх юмсан гэсэн мөрөөдлийг БГД-ын Гэр бүл, Ёслолын ордныхон биелүүлж байна. Тэд ямар ч үнэ төлбөр авахгүйгээр тэдний гэрлэлтийг батлуулж өгөхөөр болсон. Харин сүйт бүсгүйн хуримын даашинз, гоёлын иж бүрдлийг “Butterfly” хуримын даашинзны дэлгүүрийн хамт олон бэлэглэсэн юм. Сүйт бүсгүй бүр ганцхан тохиох хуримын өдрөө шинэ даашинз өмсөж түүнийгээ хадгалж, энэ өдрөө дурсаж явахыг хүсэн даашинзнуудаа маш хямдаар борлуулж, гэрчийн даашинзыг ч бэлэг болгон өгдөг юм билээ.
Б.Анхболд, М.Түмэнжаргал нарын гэрлэх ёслол өнөөдөр 11.30 цагаас эхэлнэ. Хоёр талаас нийлсэн 40 хүн хуриманд уригдсан бөгөөд хуримын цайллагыг “Наран” рестораны хамт олон үнэ төлбөргүй хийж байгаа юм. Цайллага гэрлэх ёслолын дараа буюу 15.00 цагаас эхэлнэ. Хуримын ёслолд МУСТА Б.Баттөр, Харш хамтлагийн дуучин МУСТА Б.Баярт, поп дуучин Бобо, Сүлд чуулгын дуучин Хулан, take off хамтлагийн дуучин Б.Батзолбоо нар хүрэлцэн ирж, хосуудад аз жаргал ерөөн ая дуугаа өргөх юм.