Энэ долоо хоногоос эхлэн хүйтний эрч чангарах төлөвтэй байна. Тиймээс нийслэлийн хүн амын 70 гаруй хувийг эзлэх гэр хорооллын айл өрхүүд түлээ нүүрсээ базаахаар зэхэж эхэлжээ.
Бид иргэдийн эрэлт ихэссэн энэ үед мод, нүүрсний үнэ ханш ямар байгаа, урьд жилүүдтэй харьцуулахад нэмэгдсэн эсэх, иргэдийн худалдан авалт хэр байгааг сурвалжлахаар “Цайз” захыг зорилоо.
-ЗАМ ДАГУУ МОД НҮҮРС ЗАРУУЛАХГҮЙ БАЙНА-
Жил бүрийн өдийд “модоо аваарай, нүүрсээ аваарай” гэж хашхирсан хүмүүс зам даган зогсож байдаг дүр зураг биднийг очиход харагдсангүй. Тоотой хэдхэн контейнер болон төмөр хашаан дотор мод нүүрс харагдаж байлаа. Бусад хүмүүс нь хаачсан талаар “Мод нүүрс авах уу. Ойрхон бол гэрт чинь хүргээд, буулгаад өгнө шүү” хэмээн алхах залуугаас тодруулахад, “Өнөөдрөөс зам дагуу мод нүүрс заруулахгүй гээд цагдаа нар явуулчихсан” гэв.
Тодруулбал, Тээврийн цагдаагийн албанаас замын зорчих хэсэг, явган хүний зам, талбайд зөвшөөрөлгүй худалдаа эрхэлж /нүүрс, мод худалдах, түргэн үйлчилгээний цэг байрлуулах, дугуй засвар зэрэг/ замын байгууламжийг эвдэж сүйтгэх, хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байгаа байдлыг таслан зогсоох зорилгоор нэгдсэн хяналт шалгалтыг зохион байгуулж байгаа юм байна. Уг хяналт шалгалт нь Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийн хэрэгжилт хэрэгжилтийг хангуулах, гудамж замын хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган, хэв журмын нөхцөл байдалтай уялдуулан эргүүл, хамгаалалт, зохицуулалтыг зохион байгуулж, зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэгдэж байгаа аж.
-НҮҮРСНИЙ ҮНЭ ӨСЧЭЭ-
Харин мод нүүрсний үнийн талаас цайз захаас нүүрс авахаар сонирхож яваа иргэдээс тодруулахад, жилийн жилд хүйтний эрчээ даган “чангардаг” жишиг энэ жил ч гэсэн үргэлжилсээр байгааг онцоллоо. Тодруулбал, Цайз захад тэвштэй нь чацуулж ачсан “портер” нүүрс 160-250 /Багануур 160 мянга, Налайх 250 мянга/ мянган төгрөгийн ханштай байлаа. Харин жижиглэнгээр буюу шуудайтай нүүрс 3500-4000 төгрөгийн ханштай байсан бол хар мод нэг шуудай нь хэмжээнээсээ шалтгаалаад 3000-5000 төгрөгөөр борлуулж байв. Мөн энэ жил Налайхын нүүрсний үнэ жаахан үнийн хөөрөгдөлтэй байгаа гэдгийг нүүрсний үенгүүд онцлов. Яагаад ийм байгааг лавлахад “Уурхайгаас гарч буй нүүрсний нөөц, ачаалалтай холбоотой” гэлээ.
-ӨДӨРТ 10 ХҮРЭХГҮЙ НҮҮРС, 3-4 МОД Л ЗАРАГДДАГ-
Тус захын нүүрс, мод зардаг А-гаас зарим зүйлүүдийг тодрууллаа.
-Түлээ, нүүрс өдөртөө хэр зарагдаж байна?
-Уг нь өнөөдрөөс хүйтэрч байна. Орлого сайжрах байх гэж бодсон. Одоогоор мэдэгдэх юм алга л байна. Цас орсон үед мод нүүрсний гүйлгээ жаахан нэмэгддэг.
Өмнө жилүүдэд хүмүүс портероор нь авдаг байсан бол энэ жил нүүрс үнэтэй байгаа болохоор шуудайгаар нь л авч байна. Өдөрт 10 хүрэхгүй нүүрс, 3-4 мод л зарагддаг.
-Танай мод хэдэн төгрөгийн үнэтэй байна вэ?
-Том шуудай мод 5000, жижиг нь 3000 төгрөгийн үнэтэй. Налайхын нүүрс 3500 төгрөгөөр зарж байгаа. Зарим газрууд нь нүүрсээ 4000 төгрөгөөр зарж байгаа.
-Та нар өөрсдөө нүүрсээ ууталдаг юм уу. Уут нь улам л жижигрээд байх юм аа?
-Уутны хэмжээ яагаад жижигрээд байгааг сайн мэдэхгүй юм. Урдаас л ирдэг юм шиг байна лээ. Бид нар цайз захаас нэг уутыг нь 20 төгрөгөөр аваад нүүрс савладаг хүмүүст өгч, нэг уут нүүрсийг 250 төгрөгөөр савлуулдаг. Хүмүүс уут жижигхэн болсон байна гээд бид нарыг загнаад байдаг юм. Бид нар мэдэхгүй шүү дээ.
-НЭГ УУТ НҮҮРСИЙГ ХОЁР ХУВААЖ ТҮЛДЭГ-
Цайз захаас нүүрс худалдаж авсан иргэн Г.Аюушаас хэдэн зүйлийг тодрууллаа.
–Мод нүүрсээ шуудайгаар нь авч байгаа юм уу. Портероор нь авахаар үнэтэй тусч байна уу?
-Харин тийм ээ. Нэг портер дундуур шахуу нүүрс 250 мянган төгрөгийн үнэтэй байна. Эдийн засгийн хямрал айл, өрх бүрт, тэр дундаа амьжиргааны төвшин доогуур хүмүүст илүү нөлөөлж, мэдрэгдэж байна. Өмнө нь цалингаараа нүүрсээ хангалттай авахад хүрэлцээтэй л байсан. Одоо бол өдөр өдөрт нь авахаас өөр аргагүй байна. Нүүрсний үнэ жаахан хямдартал мөнгөндөө тааруулаад шуудайгаар нь авна даа. Дээрээс нь өнөөдрөөс зам дагуу нүүрс зарж байсан хүмүүсийг заруулахгүй гээд явуулчхаж. Уг нь би өчигдөр нэг хүүхнээс 8 шуудай налайхын нүүрс 3200 төгрөгөөр авна гээд тохироод явсан юм. Гэтэл өнөөдөр ирсэн алга болчхож. Тэгээд өчигдөр 3300 төгрөгөөр ав гэж байсан залуу дээрээ очтол “Доошоо байхгүй” гээд бараг 4000 гэх нь холгүй л байна.
-Нүүрс модны үнэ өнгөрсөн жилийнхээс өссөн байна уу?
-Үнэ нь өсөөд, уут нь улам жижигхэн болсон байна өө. Өнгөрсөн жил өдийд хашаандаа нэг портер нүүрс буулгачихсан санаа амар сууж байсан. Гэтэл энэ жил тэгж чадахгүй байна.
-Нэг уут нүүрсийг хэд хувааж түлж байна вэ?
-Өнгөрсөн өвөл нэг уут нүүрсийг гурав хувааж түлдэг байсан. Энэ жил хоёр л хувааж түлж байна. Нялх хүүхэдтэй болохоор өглөө, өдөр, орой гээд өдөрт гурав галлаж байгаа. Тэгэхээр заримдаа өдөрт бүр хоёр уут нүүрс, тал уут мод түлж байна.
-ЖИЛЭЭС ЖИЛД ЖИЖГЭРСЭН ЖИЖИГХЭН НОГООН ШУУДАЙ-
Жил ирэх тусам нүүрс, модны үнэ өсч, шуудай жижгэрч байгаа гэдэгтэй маргах хүн үгүй биз. Энэхүү уутыг хаана хийдэг, хэн гэгч хэмжээг нь тогтоон оёж авчирч өгдөг болохыг худалдаачдаас асуухад “Мэдэхгүй, цайз зах дээр зардаг уутыг л авч савладаг. Хүмүүс жижигхэн болсон байна гээд бид нар руу уурлаад байдаг. Бид уут үйлдвэрлэдэггүй болохоор мэдэхгүй шүү дээ” гэв. Мод нүүрсний шуудай жижгэрч, үнэ өсөхөд өдрийн хоолоо залгуулах гэж яваа ард иргэдийн ачаа л хүндэрдэг. Тиймээс энэ асуудлыг МХЕГ, ШӨХТГ болон бусад холбогдох байгууллагынхан анхааралдаа авч, нэг стандарттай болгох цаг болжээ.
Т.Гэрэл