Оюутны дэлхийн аварга, Азийн АШТ-ий хүрэл, өсвөр үеийн Азийн АШТ-ий хүрэл, 2018 оны Иван Ярыгиний нэрэмжит “Алтан Гранпри”-гийн хүрэл, Яшар Догу болон Дмитрий Коркиний нэрэмжит ОУТ-ий мөнгөн медальт,“Mongolia Open” ОУТ-ий хошой, Монгол Улсын гурван удаагийн аварга, үндэсний шигшээ баг, “Аваргууд” академийн тамирчин ОУХМ Түмэнбилэгийн Түвшинтулга Будапештийн ДАШТ-ий хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн 61 кг-ын жинд хүрэл медалийн эзэн боллоо. Тэрбээр ийнхүү гурав дахь оролдлогоороо Монголын чөлөөт бөхийн тамирчдаас ДАШТ-ээс 31 дэх хүрэл медалийг эх орондоо авчирлаа.
Т.Түвшинтулга Унгарын нийслэлд 1/16 шигшээд Азийн АШТ-ий хошой хүрэл медальт, өсвөр үе, залуучуудын Азийн аварга Кыргызстаны Улукбек Жолдошбековыг 8:6-гаар ялсан ч 1/8 шигшээд “Парис-2017” ДАШТ-ий мөнгөн медальт, Европын хошой аварга ОХУ-ын Гажимурад Рашидовтой тун тэнцүүхэн барилдаж 1:2-оор ялагдсан. Оросын бөх шигшээд шалгарснаар түүнд дагах барилдаан гарсан бөгөөд Энэтхэгийн Сонба Гонганег 7:0-ээр, хүрэл медалийн төлөөх барилдаанд хоёр жилийн өмнө Лос-Анжелесийн Дэлхийн цомд ялж байсан “Будапешт-2016” ДАШТ-ий дэд аварга Гүржийн Бека Ломтадзег 6:3-аар дахин ялж, дэлхийн данстай бөх гэдгээ харууллаа.
Түүний анхны багш спортын мастер Паламын Чулуунбаатар, одоогийн багш гавьяат тамирчин Оюунбилэгийн Пүрэвбаатар нарт халуун баяр хүргэе.