“FIFA DAYS”-ын хүрээнд аравдугаар сард Монголын хөлбөмбөгийн эрэгтэйчүүдийн үндэсний шигшээ баг албан ёсны хоёр нөхөрсөг тоглолт хийлээ.
Эхний тоглолтоо манай залуус Сингапурын эсрэг хийж 2:0-ийн харьцаатай ялагдал хүлээгээд байсан. Өчигдөр Лаос улсын Үндэсний цэнгэлдэхэд Лаосын шигшээ багтай тоглож 4:1-ийн харьцаатай талбайн эздийг бут ниргэлээ.
Тоглолтын хувьд 23` минутанд Лаосын шигшээ багийн довтлогч Бонпачан Бунгконг тоог нээсэн. Энэ гоолоос таван минутын дараа Монголын багаас жигүүрийн довтлогч Ц.Мөнх-Эрдэнэ хариуг барьж нэг гоол авч ирсэн юм.
Эхний хагас энэ үр дүнгээр өндөрлөсөн бол хоёрдугаар хагаст сэлгээгээр талбайд гарсан Б.Балжинням, М.Жансерик нар тоглолтын хэмнэлийг илүү хурдтай болгож санаачлагыг гартаа авсан. Ингэснээр 73′ минутанд А.Нармандах Монголын шигшээ багийг энэ тоглолтод анх удаа тэргүүлэх боломжийг олгосон юм. Үлдсэн цагт залуусын тоглолт бүр ч сэргэж М.Жансерик 75′, Н.Наранболд 83′ нар тоог 4:1 болгосноор энэ тоглолтын хувь заяаг нэгэнт шийдсэн юм.
Өмнө нь манай шигшээ Лаосын шигшээ багтай тоглож 1:1-ийн харьцаатай тэнцэж, 3:0-ийн харьцаатай ялагдал хүлээж байсан билээ.