Холливудын нэрт жүжигчин, кино найруулагч Анжелина Жоли ойрын хугацаанд тун чухал сорилтыг давах ёстой болжээ. Шүүхээс томилогдсон эмч Стэн Катц түүнийг хүүхдээ асран хамгаалах чадвартай эсэхийг тогтоохоор сэтгэлзүйн үзлэгт оруулах юм байна.
2016 оны есдүгээр сард Анжелина Жоли Брэд Питт нар гэр бүлээ цуцлуулсан ч одоог хүртэл төрсөн, үрчилсэн зургаан хүүхдийг асран хамгаалах эрхийг хэнд нь өгөхөө шүүх бүрэн шийдэж чадаагүй байгаа юм.
Гэр бүл цуцлахдаа хүүхдүүдийн асран хамгаалах эрхийг түр зууртаа Анжелина Жолид олгосон. Гэвч Брэд Питтийг хүүхдүүдтэй нь уулзуулахгүй байгаа тул шүүхээс Анжелина Жолиг буруутгаж, эрхийг нь шилжүүлэх эсэх талаар дахин хянаж үзэхэд хүрчээ.
Шүүхийн шийдвэрийн дагуу хүүхдүүдийг эцэгтэй нь тодорхой цаг хугацаанд уулзуулж байхгүй бол сэтгэлзүйд нь сөргөөр нөлөөлөх магадлалтай гэж үзэж буй юм.
Анжелина Жоли, Брэд Питт нар төрсөн гурав, мөн үрчлэн авсан гурван хүүхэдтэй.