Монголын ард түмэн зах зээлийн эргүүлэгт орж, түүний хар шуургатай цасан шамарганд туугдаад нэг л учраа олж, зүгшрэлгүй 28 жил болж байна.
Бид ардчилал-эрх чөлөө, тусгаар тогтнолоо олж тогтоох, түүнийг эх орныхоо гал голомт, хөрс, туурганд зөв оршоох гэж хөлс цусаа дуслуулан байж залуу халуун нас биеэ дуустал зүтгэсэн мянга мянган ахмад үе, нэгэн бодпын одоо амьд үлдсэн цөөн хэдхэн ахмад үеийн төлөөлөл танд энэхүү чин үнэн үгээ хэлэх цаг болсонд гүнээ харамсч байвч, үгээ хэлэх улсын эзэн нь танаас өөр хэн ч биш гэдэгт үл эргэлзэн танд хандахаар шийдсэн нь энэ.
Бидний энэ үгэнд таны нэр төр-алдар хүсэлд хэтийдсэн үг байваас биднээ уучлан өршөөгөөрэй.
1. Бид талцал-хуваагдалд дургүй байна. Гэтэл та яг АН-ын дарга хийх улс төр, ёс суртахууны эрхийн хэмжээнд сөрөг бүхнийг үсэргэж, улс нийгмээ үгээрээ, үйлдлээрээ хийж, хэлээд яваад чинь гүн их харамсах юм. Уг нь та Монгол Улсын Үндсэн хуулиар бүх монгол хүний эв нэгдлийг илэрхийлэн хамгаалж бататган хадгалагч. Таныг монголчууд “Бид ялна” гэх улс төрийн урианд чинь гүн итгэж, одоо л нэг сайн “эцэгтэй” улс маань хөгжлийн зөв голдиролд хүрэх нь ээ гэж горьдон байж сонгосон түүхийг танд сануулъя. Энэ үг нь бидэнд ялалт бус ялагдал, бүр хэвтэлт уналт, сэтгэл зүйн дарамт, хүмүүсийн хооронд хуваагдан талцах, туйлшрах эх үүсвэр болж хувирсныг таны өнгөрсөн нэгэн жилийн хэлсэн үг, хийсэн үйлсээс тод харагдсанд санаа зовниж, хэлж төвдөв. Ажил, амьдралын нэгэн үеэ, үүх түүхээ эргэн санаваас таны өмнөх дөрвөн Ерөнхийлөгчийн хэн нь ч яг тань шиг илтэд ингэж туйлширч, нэр дэвшүүлсэн намынхаа төлөө ажиллаж байсныг бид олж харсангүй билээ. Гэтэл та хаана очсон газраа, цугласан ард олны өмнө тараана, буулгана, бүх зүйл МАН-аас болоод улс өөдлөхгүй дэвжихгүй, хөгжихгүй бүтэхгүй байна гэх, сонгуулийн сурталчилгаанаасаа салахгүй нэгэн жилийг өнгөрөөснөө мэдэж л байгаа байх. Учир нь, Энэ үг, үйлдэл тань таны санасан бодсон, төлөвлөсөн зүйлээ хэрэгжүүлж, нэгэнт хэлсэн, хийсэн үг учир буцаж мэлзэх эрхгүй зүйл гэдгийг танд сануулъя. Бид талцал хуваагдлыг дэвэргэдэг Ерөнхийлөгч хэрэгтэй гэж үү.
2.Мушгин гуйвуулах биш, улс эх орны нийгэм эдийн засгийн байдалд үндэстэй зөв дүгнэлт хийх Ерөнхийлөгч хэрэгтэй байна.
Бид боловсрол, туршлага, хувь хүний ёс зүй, жудаг чанар ханхалсан гурван сайхан эрээс таныг яагаад Монгол төрийн тэргүүнээр сонгох болсныг эргэцүүлэн бодож үзэв үү. Та хот, хөдөөгүй олон газар, олон мянган монгол хүнтэй нүүр тулан уулзаж хэлсэн үгэндээ Би үгүйсгэлийг дэвэргэж, үндэсний эвлэрлийг задлах үг хэллээ гэж бодож үзэв үү. Та монгол түмний сонирхол сонголтоор бий болсон төрийн эрх барих дээд байгууллага УИХ-аа тараах уриалга газар сайгүй хэлж явахдаа би үндэсний эв нэгдлээ бэхжүүлэхийн эсрэг хандлаа гэж бодов уу. Та багш нарын ажил хаялт мэт цагаа олоогүй улстөржилтийг дэмжиж, тэнд очиж жижигрэхдээ Монгол Улсынхаа нийгэм, эдийн засгийн уналт, түүний язгуур эх үүсвэрийн боломж бололцоог авч үзэж, улсын “эцэг” хүний буурьтай үнэлэлт дүгнэлт хийж үзсэн үү.
Таны тангараг өргөх ёслол дээр, сонгуулийн сурталчилгааны үеэр хэлж амлаж явсан “Сайхан үг, амлалт”-аас хэрэгжиж биелсэн ажил, монгол хүний амьдралд үзэгдэхүйц нөлөө үзүүлсэн ямар бодит асуудал байгааг эргэж нэг дүгнэж, ам-ажлын нэгдлээ ханган ажиллаж байгаа эсэхээ хянах мэдрэмж танд байна уу.
Та Монгол Улсын Төрийн тэргүүний өндөр сэнтийд залраад, Ерөнхийлөгчийн ажлын албаа бүтэц бүрэлдэхүүн, зохион байгуулалт, боловсон хүчний туршлага чадвар, чадамж, хүний нөөцийн чадварт нь хэр зэрэг анхаарсан болон, Ерөнхийлөгчийн Тамгын газарт одоо ажиллаж байгаа бүтцээ зөв бүрдсэн гэдэгт итгэдэг үү. Таны зөвлөх, туслахууд шинжлэх ухаан, боловсрол, нийгмийн чиглэл, эдийн засгийн бодлогын аль төвшинд ямар хандлага хамаарлаар, улсынхаа Засгийн газарт хэр түшиц болон ажиллаж, ямар салбарт шинэ бодлогын шийдэл гарган ажиллаж чадав аа. Та энэ асуудалд анхаарч дүгнэлт хийв үү. Та боломжоо нээж, бололцоогоо хуваалцаж, хамтын удирдлагын шинжлэх ухаанч зарчимд тулгуурлан, төрийн гурван өндөрлөгтэйгөө эвсэн зохицож, бодлогоо нэгтгэн зангидаж, далайц эрчим, зангараг гаргаж, уялдаа холбооны аргыг, харьцаа хандлагатайгаа хослуулж ажиллахын оронд ямагт төрийн түшээдтэйгээ хэмлэлдэн сөрж, хийж бүтээж байгаа ажил руу нь ус цацаж, шүүмжлэн сөрөгчийн байр сууринаас хандаж, нэг жилийнхээ ажлыг энэ сөрөг хүчний үүрэг дээр бат зогсч, бусдынхаа урмыг хугалж байснаа юу гэж боддог вэ.
Эцэст; Монгол оронд нүүрлэсэн хүний жудаггүй авир, худал гүтгэлэг, хулгай дээрэм, амар хялбар аргаар амьдрах, авлига хээл хахууль, нийгмийн тэгш бус байдал, үнийн үндэслэлгүй өсөлт, нийгмийн дэг журамгүй байдал, хуулийг уландаа гишгэсэн хахир хатуу авирыг та ру бодож, ямар дүгнэлт хийв.
Бид тэтгэвэр нэм гээгүй, гэхдээ та өөрөө сард 300 мянган төгрөгөөр бүрэн бүтэн, сэтгэл ханамжтай амьдарч чадах уу.
Бид байж суухад хэцүү, сонсоход ч бэрх, мэлмий харанхуйлах хүнд үе байсныг ахмадууд бид тэвчиж үл чадан энэхүү асуулгыг танд тавилаа. Хууль зөрчиж, таны эрхэд халдсан гэж та үзэхүл болгоон хэлтрүүлж, бидний асуулгаас бодит дүгнэлт хийж, зөвхөн Монгол Улс гэх том эрх ашиг, монгол хүн гэх гайхам их хүмүүний ирээдүй цагт тохирсон бодлого, үг үйлсээр Монгол төрөө манлайлан удирдаж, их амжилт үзүүлэхийг танаас хүсч, түүний төлөө, үүнийг бичиглэж хүсэмжлэв.
Болгоон соёрхоно уу.
Ц.ЯДАМСҮРЭН /Сонгинохайрхан иргэн, ахмад сэтгүүлч/