Үйл явдал ингэж эхэлсэн. Өнгөрсөн жил сонгуулиар Буриадын тэргүүн болсон Алексей Цыденов Буриадын Соёлын сайдаар Соелма Дагаеваг томилсон билээ. Шинэ сайд Соелма Буриадын Дуурь, бүжгийн театрын захирал Аюна Владимировна Цыбикдоржиеваг энэ сарын 20-нд ажлаас нь халсан. Энэ шийдвэр театрын хамт олныг бухимдуулж, ямар учраас захирлыг нь халсан талаар тайлбар шаардаж эхэлсэн билээ.
Харин Соёлын яамнаас театрын санхүүгийн асуудал гарсан гэж тайлбарласан. Театрын засварын ажилд зарцуулсан хөрөнгө асуудалтай, зарим уран бүтээлчдэд хэт их шагнал, мөнгө өгч байна гэж мөн хэлсэн юм.
Театрын уран сайхны удирдагч, ОХУ-ын Ардын жүжигчин Дарима Линховоин “Надаас яагаад танай театрт монгол, япончууд ажиллаж байна гэж асуусан. Их Театрт ч гадаад мэргэжилтнүүд ажилладаг шүү дээ. Захирлыг буцаан авахгүй бол би ч гарна” гэж мэдэгдсэн юм. Буриадын Дуурь, бүжгийн театрт монгол дуучид, япон балетчид ажилладаг бөгөөд Балетийг япон мэргэжилтэн Морихиро Ивата хариуцдаг билээ.
Удалгүй театрын хамт олон захирлын тал, эсрэг тал гэсэн хоёр хуваагдан, асуудал даамжирсан тул энэ сарын 23-нд Буриадын тэргүүн Алексей Цыденов театрын хамт олонтой уулзсан юм.
Алексей Цыденовийн хэлсэн эхний үг нь “Буриадын Дуурь, бүжгийн театр бол манай улсын нүүр царай. Би Буриадын тэргүүн хүн, Буриадыг хөгжүүлэх гэж томилогдсон болохоос Монгол, Японыг хөгжүүлэх гэж ирээгүй” байлаа. Мөн “Буриадын уран бүтээлчидтэй ажиллаж, шинэ авьяастныг олох хэрэгтэй. Мэдээж гадаадаас од дуучин, бүжигчин урьж авчрах хэрэгтэй. Гэхдээ ийм олноор биш. Өөрийн уран бүтээлчдээ ажиллуулах ёстой. Хэрэв энэ гадаадынхан нэг өдөр гараад явчихвал манай театр элгээрээ хэвтээд мөхөх үү. Монгол, Япон, Оросын бусад хотоос хэт олон жүжигчин авч байна гэж хүмүүс ярьцгааж байна. Театрын нээлтийн хөтөлбөрийг л сөхөөд харахад 10 япон балетчин байна шүү дээ” гэж ярьсан байна.
Дарима Линховоин “Би монгол уран бүтээлчдийг урьж авчирдаг. Буриадад олон сайн дуучин байгаа ч Чайковскийн олон улсын уралдааны аварга, шагналт дуучин байхгүй шүү дээ. Сопрано хоолойтой дуучин ч байхгүй. Одоо сурч байгаа сопрано дуучин 5 жилийн дараа л төгсөнө. Ингээд Батчимэгийг авсан. Монгол дуучин гээд яах билээ. Намайг монголчуудтай л ажилладаг гэж шүүмжилж байна. Гэхдээ манай дуучин алга байна. Буриад дуучин гараад ирвэл би мэдээж хамтран ажиллана. Монгол, япончууд манай театрт ажиллах ёстой. Гэхдээ бид дахиж шинэ гадаад уран бүтээлч авахаа болье” гэж хэлсэн юм.
Балетийн хэсгээс Ольга Ивата үг хэлж, “Гадуур япон бүжигчид буриад бүжигчдийн ажлын байрыг булаасан гэж ярьж байна. Тийм биш. Хүн дутуу байгаа манай театрын балетийг харин тэд аварч байна. Япон бүжигчдийг хөөчих юм бол бид нэг ч балет тавьж чадахгүй болно” гэж япон балетчидаа хамгааллаа.
Энэ бүх асуудлын дараа манай Гавьяат жүжигчин Г.Ариунбаатар Буриадын Дуурь, бүжгийн театраас гарч байгаагаа олон нийтийн сүлжээгээр дамжуулан мэдэгдсэн юм.
Манай дуучныг дэлхийн олон театр урьж байсан ч тэр Буриадын театрт үлдсэн. Багштайгаа хамтран ажиллана гэж мэдэгдсээр байсан билээ. Хэрэв Театрын уран сайхны удирдагч, ОХУ-ын Ардын жүжигчин Дарима Линховоин театраасаа гарчихвал Г.Ариунбаатар ч багшаа орхихгүй нь мэдээж.
Дэлхийн дуучин Г.Ариунбаатар Буриадын театраар дутахгүй нь ойлгомжтой.