Залуучуудын дэлхийн аварга, Азийн наадмын хошой мөнгөн медальт ОУХМ Өлзийбаярын Дүүрэнбаяр “Баку-2018” ДАШТ-ий хамгийн хүнд жин буюу +100 кг-д барилдаж хүрэл медаль хүртлээ. Тэрбээр эхний өрсөлдөгч болох Венесуэлийн Педро Пинедаг өчих мэхээр цэвэр ялсан бөгөөд 1/8 шигшээд Кубын Энди Грандаг голлож дайран вазари үнэлгээ авч, улмаар даралтад оруулж цэвэр ялсан. Ө.Дүүрэнбаяр В хэсгийн аваргын төлөө “Рио-2016” олимпийн мөнгөн медальт, 2017 оны Дэлхийн аварга Японы Хисаёши Харасаватай хүч үзэн үүрэх мэхээр /иппон үнэлгээ/ цэвэр ялж хагас шигшээд шалгарсан.
Улмаар мөнгөн медалийн төлөө ОУХМ Ө.Дүүрэнбаяр Гүржийн бөх Г.Тушишвилитэй барилдан ялагдсанаар Дэлхийн аваргын хүрэл медальтан болж, хүнд жинд хүрэл медаль хүртсэн Монголын хоёр дахь жүдочоор тодорлоо. Өнгөрсөн 2017 онд олимпийн алт, мөнгөн медальт, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр ДАШТ-ий +100 кг-д хүрэл медаль хүртсэн билээ.