МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаан өнөөдөр 17:00 цагаас эхэлж, үдшийн 21:20 цаг хүртэл үргэлжиллээ. Хуралдаанаар Дашийн Дамба агсны 110 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх асуудлаар ажлын хэсэг байгуулж, Нийслэлийн МАН-ын хорооны даргад нэр дэвшигчийг тодруулах асуудлыг хэлэлцсэн байна. МАН-ын дүрэмд нэр дэвшигчийн тоог нарийвчлан зааж өгөөгүй ч гишүүдийн саналаар нэг нэр дэвшигчийг Нийслэлийн МАН-ын Бага хурал руу нэрийг нь оруулах нь зүйтэй гэж үзсэн байна.
Хуралдааны үеэр Д.Оюунхорол гишүүн “Ганц С.Батболдыг Нийслэлийн МАН-ын даргад нэр дэвшүүлье” гэсэн санал гаргасан аж. Гэвч гишүүдийн зүгээс өрсөлдөөн байх ёстой гэсэн санал гаргасан хэдий ч заалнаас нэр дэвших эрх нээлттэй учир нэг хүний нэрийг Удирдах зөвлөлөөс оруулах нь зүйтэй гэж үзсэн байна. Ингэснээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, Нийслэлийн Засаг дарга С.Батболд нарын аль нэгийг Удирдах зөвлөлөөс оруулахаар шийдэж, нууц санал хураалт явуулсан аж.
Өнөөдрийн МАН-ын Удирдах зөвлөлийн хуралд 29 гишүүний 15 нь хүрэлцэн ирсэн байна. Нууц санал хураалтаар хотын дарга С.Батболд 9, Д.Сумъяабазар сайд 6 авсан байна. Энэ дагуу МАН-ын Удирдах зөвлөлөөс Нийслэлийн МАН-ын дарга С.Батболдын нэрийг Бага хурал руу оруулахаар болжээ. Нийслэлийн МАН-ын даргад өрсөлдөнө гэдгээ илэрхийлж байсан Ц.Батбаяр Удирдах зөвлөлийн хуралдааны үеэр нэрээ татсан аж.