Өнгөрсөн наймдугаар сард нийтийн тээврийн автобусны өдрийн дундаж хурд 20 км/ц байсан бол энэ сар гарсаар ердөө 6 км/ц болжээ.
Тиймээс түгжрэл бөглөрөлийг бууруулах ямар арга зам, боломж байгаа талаар Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн ээлжит хуралдаан болжээ.
Тус хурлын үеэр замын хөдөлгөөний ачааллыг хэрхэн бууруулах талаар холбогдох байгууллагууд саналаа танилцуулж, эхний ээлжинд хотын даргын зүгээс Замын Цагдаагийн албанд чиглэл өгсөн байна.
Хотын даргын өгсөн чиглэлийн хүрээнд ирэх энэ даваа гараг буюу өнөөдрөөс эхлэн Энхтайваны өргөн чөлөө болон бага тойруугийн замын нэгдүгээр эгнээгээр зөвхөн нийтийн тээврийг зорчуулахад хяналт тавьж, үүрэг гүйцэтгэх цагдаагийн алба хаагчдын тоог нэмэгдүүлэхээр болжээ.
Замын хөдөлгөөний эрчим огцом буурахад нөлөөлж буй хүчин зүйлсийг арилгах чиглэлээр хэрхэн ажиллаж байгааг холбогдох албаныхан мэдээлэл өгчээ. Уг нь суудлын автомашинууд нэгдүгээр эгнээ рүү орохгүй бол нийтийн тээвэр иргэдэд чирэгдэл үүсгэхгүй үйчлэх бүрэн боломжтой гэдгийг Нийслэлийн тээврийн газраас мэдээлж байна.
Тус газрын тээвэр зохицуулагч Д.Цэцэгмаа “Өнөөдрийн байдлаар 946 нийтийн тээврийн хэрэгслээс 870 нь үйлчилгээнд гараад байна. Автобус түгжрээнд орвол хуваарийн дагуу иргэдэд үйлчлэх боломжгүй болдог. Жишээлбэл, 17.30 цагаас эхлээд Багшийн дээд орчимд замын ачаалал эрс нэмэгдэж, түгжрэл үүсдэг. Ингээд эхэлмэгц Энхтайваны өргөн чөлөө дагуу дараагийн автобусны буудлууд дээр ажлаа тарсан иргэд автобус удаан хүлээх болоод байгаа.
Уг нь Энхтайваны өргөн чөлөө буюу төв зам дагуу суудлын авто машинууд нэгдүгээр эгнээ рүү орохгүй бол нийтийн тээвэр иргэдэд чирэгдэл үүсгэхгүй үйлчлэх бүрэн боломжтой. Зам тээврийн осол гарсан, зам хаасан нөхцөлд наашаа буюу хөдөлгөөн зохицуулагч руу холбогдох ёстой. Бид Замын хөдөлгөөний удирдлагын төвийн http://www.ubtraffic.mn/сайтаас хаана замын ачаалал их байгаа, хаана осол гарсан гэх мэтийг байнга харж байдаг учраас замын нөхцөл байдлыг хараад жолоочид заавар өгдөг.Түүнээс биш тухайн автобусны чиглэлийн дагуу зорчигч хүлээж байгаа учраас чиглэлийг өөрчилж болохгүй” гэсэн юм