“Таны хүүхдийг танихгүй хүн хүмүүжүүлж байна” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг өнөөдөр Төрийн ордонд болж байна. Энэхүү нээлттэй хэлэлцүүлэг нь урьд урьдын ийм төрлийн хэлэлцүүлгүүдээс илүү өргөн хүрээг хамарч, ЦЕГ-аас өрнүүлж буй “Unfriend” аяныг дэмжин явагдсанаараа онцлог юм.
Сүүлийн таван жилийн хугацаанд Монгол Улсад интернет хэрэглэгчдийн тоо 4.5 дахин нэмэгдэж 2012 онд дөнгөж 654 мянга байсан уг тоо өнгөрсөн онд хоёр сая 910 мянгад хүрсэн гэсэн судалгаа гарчээ. Түүнчлэн цахим орчноор дамжуулан хүүхдийн эрхэд халдсан зөрчил өнгөрөгч 2017 онд 44 удаагийн тохиолдол бүртгэгдсэн бол энэ оны эхний найман сарын байдлаар 200 гарчээ.
Монгол Улсын хэмжээнд 15-34 насны залуус идэвхтэй фейсбүүк хэрэглэдэг. Тоон үзүүлэлтээс харвал 2017 онд улсын хэмжээнд цахим орчинд үйлдэгдсэн гэмт хэргийн тоо 299 байсан бол 2018 оны эхний хагас жилийн байдлаар 279 болтлоо өссөн нь өмнөх онтой харьцуулбал тав дахин өссөн үзүүлэлт аж.
Иймээс садар самуун сурталчилсан бага насны хүүхдүүдэд буруу үлгэр дуурайлал үзүүлэхүйц 19 хаалттай групп мөн нээлттэй есөн групп, зургаан фэйж хуудсыг устгасан байна. Садар самуун сурталчилсан элдэв ёс зүйгүй групп, хуудсуудын мэдээллийг хүлээн авах зорилгоор Цагдаагийн байгууллагаас иргэдийн дунд “Хар жагсаалт” нэртэй групп ажиллуулжээ