Өчигдөр буюу Баасан гарагт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Хятадтай хийж буй худалдааны дайндаа гал нэмсэн мэдэгдэл хийлээ.
Тэр өмнө нь огт яригдаж байгаагүй $267 тэрбумын бараанд импортын татвар оноох санаагаа сэтгүүлчдэд дэлгэжээ.
Трамп АНУ-ын ерөнхийлөгчийн Air Force One нисэх онгоцонд сэтгүүлчидтэй уулзахдаа удаан хугацаанд яригдаж байгаа $200 тэрбумын Хятад барааны импортын татварыг удахгүй хэрэгжүүлнэ гэсэн байна. Дараа нь тэр “Би ингэхийг хүсэхгүй байгаа ч цаана нь дахиад $267 тэрбумын бараанд импортын татвар оноох төлөвлөгөө бэлэн байгаа. Намайг тушаал өгөхөд л хэрэгжинэ” гэж ярьжээ.
Өнгөрсөн хугацаанд Вашингтоны засаг захиргаа Хятадын $50 тэрбумын дүнтэй бараанд татвар оноож эхлээд байгаа. Хэрвээ Трампын өчигдөр хэлсэн сүрдүүлэг бодитой хэрэгжвэл нийтдээ $517 тэрбумын бараа импортын өндөр татварт өртөхөөр болж байна.
Ингэвэл Хятадаас АНУ-д нийлүүлэгддэг бүх бараа бүтээгдэхүүн өндөр татвартай болно гэсэн үг.
Өнгөрсөн онд АНУ Хятадаас нийтдээ $505 тэрбумын дүнтэй бараа импортлосон байдаг.
Сүүлийн хэдэн сар Вашингтон, Бээжингийн албаныхан олон удаа уулзалт хэлэлцээр хийж байгаа ч үр дүнд хүрэхгүй байгаа нь дээрх мэдэгдлээс харагдаж байна.
Өмнөх $50 тэрбумын бараанд татвар ноогдуулсны хариуд Хятадын засгийн газар адил хэмжээтэй Америк бараанд мөн татвар оноож эхлээд байгаа.
Хэрвээ АНУ нэмж импортын татвар оноовол Хятадын тал дахин $60 тэрбумаар татварын хүрээгээ нэмэхээ мэдэгдсэн юм. Ингэвэл АНУ-аас Хятадад гардаг бүх бараа өндөр татвартай болно гэсэн үг.
Трампын мэдэгдлийн дараа Америкийн хөрөнгийн зах зээлийн индексүүд унаж эхэлсэн байна.