Цагдаагийн ерөнхий газраас цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр “Unfriend” хөдөлгөөн эхлүүлжээ. Өнөөдөр (2018.9.05) энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга, хошууч Д.Будзаан, дуучин Б.Анхбаяр нарын хүмүүс мэдээлэл хийлээ.
Цагдаагийн ерөнхий газрын хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга, хошууч Д.Будзаан Монгол Улсын хэмжээнд насанд хүрээгүй хүүхдүүд цахим гэмт хэргийн хохирогч болох тохиолдол нэмэгдэх хандлагатай байгааг хэллээ. Тухайлбал, 2017 онд 299 цахим гэмт хэрэг үйлдэгдсэн бол 2018 оны эхний хагас жилийн байдлаар 279 гэмт хэрэг үйлдэгдэж, гэмт хэрэг гаралтын тоо хоёр дахин нэмэгджээ. Монгол улс дэлхийд цахим гэмт хэргийн хохирогчдын тоогоор 104 дүгээр байранд жагсдаг байна.
Бүртгэгдсэн гэмт хэргээс дурдвал “Эмо” нэртэй фэйсбүүк хаяг нээж, тухайн хаягийг нээсэн иргэн бусдыг элсүүлээд амиа хорлоход уруу татдаг байсныг цагдаагийн байгууллагын алба хаагчид илрүүлжээ.
Уг цахим хаягт хоёр сарын хугацаанд 3500 гаруй хүүхэд бүртгэгдсэн аж. Цагдаагийн байгууллагын алба хаагчид шуурхай илрүүлж, уг цахим хаягийг хаасан бөгөөд амиа алдсан хүүхэд байгаагүй, одоогоор гэмт хэрэг үйлдсэн этгээдийг хуулийн дагуу шалгаж байгаа аж.
Мөн иргэн Б бага насны охидтой фэйсбүүкээр танилцаж, цахим хэлбэрээр үерхэж улмаас 200 гаруй охины нүцгэн зургийг авчээ. Улмаар дарамталж мөнгө авах, бэлгийн харилцаанд ордог байжээ. Түүнчлэн “Санхүү авна, сайн ахтай болъё, хөөрхөн дүүтэй болъё” зэрэг зар цахим хуудсуудаар маш их тархсан байдаг. Энэ зарын цаана биеэ үнэлэлт ихээр явагддаг болохыг цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Үүнээс урьдчилан сэргийлэх үүднээс “Unfriend” хөдөлгөөн, “Хар жагсаалт” гэсэн цахим сайтыг нээж арга хэмжээг таслан зогсоохоор ажиллаж байгаа аж.
Хошууч Д.Будзаан “Цахим гэмт хэргийн хохирогчид хаана хандахаа мэддэггүй. Гэмт хэргийн хохирогч болоод эцэг эхээсээ айдаг, бусдаас нуудгаас болж хохироод үлдэж байна. Тиймээс цагдаагийн байгууллагаас энэхүү гэмт хэргийг таслан зогсоохоор “Unfriend” арга хэмжээг эхлүүлэхээр боллоо. Энэхүү арга хэмжээг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл, ЦЕГ манлайлан ажиллана. Энэхүү хөдөлгөөн 22 хоногийн хугацаанд зохион байгуулагдах болно” гэв.
Тус хөдөлгөөнд нэгдэн оролцож байгаа дуучин Б.Анхбаяр буюу A cool “Монголын ирээдүй болсон үр хүүхдүүдийнхээ төлөө дуу хоолойгоо нэгтгэх цаг хэдийнэ болсон байна. Таны хүүхдийг танихгүй хүмүүс хүмүүжүүлж байна. Тиймээс цагдаагийн байгууллагатай хамтран “Unfriend” хөдөлгөөнийг зохион байгуулахаар боллоо.
Цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх энэхүү хөдөлгөөнийг дэмжиж ажиллахыг хүсч байна. Хөдөлгөөний үйл ажиллагаа маргаашаас эхэлнэ. Эцэг эхчүүд өөрийн хүүхдийн фэйсбүүкийг шалгаж, тухайн цахим хаягийн найзын жагсаалтыг нь шалгаж танихгүй хүмүүсийг нь найзаас нь хасаарай гэж уриалж байна” гэв.
Дэлхий дээр 4.6 тэрбум гар утас хэрэглэгч байдаг гэсэн тоон мэдээлэл бий. Монгол Улсын хэмжээнд хоёр настайгаасаа эхлээд хүүхдүүд гар утас, цахим орчинд амьдарч буй юм. Цахим хуудсаараа ээж, ааваасаа илүү харилцдаг зөвлөгөө авдаг хүнтэй өсвөр насныхан байгааг мэргэжлийн байгууллагынхан хэллээ