Азийн зуны спортын XVIII наадмын чөлөөт бөхийн тэмцээн наймдугаар сарын 19-21-нд Индонезийн нийслэл Жакартад боллоо. Чөлөөт бөхийн тэмцээнд “Шар тив”-ийн 29 орны 174 бөх эрэгтэй, эмэгтэйчүүдийн олимпийн жингийн ангиллаар өрсөлдөв.
Манай бөхчүүд бүтэн багаараа Жакартагийн дэвжээнд зодоглосноос хоёр алт, нэг мөнгө, гурван хүрэл, нийт зургаан медальтай тэмцээнээ өндөрлүүллээ. Эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд “Хангарьд” спорт хорооны тамирчин, гавьяат тамирчин Э.Бэхбаяр, эмэгтэйчүүдийн 62 кг-д “Алдар” спорт хорооны тамирчин, гавьяат тамирчин П.Орхон нар алтан медаль хүртэж, Монгол Улсын төрийн дууллаа Индонезид эгшиглүүлсэн. Тэд чөлөөт бөхийнхөнөөс Азийн наадамд түрүүлсэн 11, 12 дахь тамирчин болсон юм.
Түүнчлэн эмэгтэйчүүдийн 68 кг-д “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Ш.Түмэнцэцэг мөнгө, эрэгтэйчүүдийн 86 кг-д “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ О.Үйтүмэн, эмэгтэйчүүдийн 53 кг-д “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Э.Сумъяа, 57 кг-д “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ А.Батцэцэг нар хүрэл медалиар энгэрээ мялаасан.
Эрэгтэйчүүдээс бөхийн орон Ираны баг гурван алт (Яздани, Карими, Хади), нэг хүрэл медаль хүртсэн бол манай улсаас гадна Узбекистан (Абдурахманов), Энэтхэг (Бажранг) нэг аварга “төрүүлсэн”. Харин эмэгтэйчүүдээс БНХАУ, БНАСАУ хоёр, Монгол, Энэтхэг нэг алтан медаль хүртсэн юм. Тэгвэл эмэгтэй чөлөөт бөхөөр дэлхийд ноёрхдог Японы бүсгүйчүүд түүхэндээ байгаагүй тааруухан оролцож ганц ч аваргагүй (хоёр мөнгө+гурван хүрэл) нутаг буцаж байна.