Триатлоны Улсын аварга шалгаруулах тэмцээн залуу тамирчдын ялалтаар өндөрлөлөө. Эрэгтэй элитийн уралдаанд 24 тамирчин бүртгүүлж өрсөлдсөнөөс “Виста” клубийн 16 настай тамирчин Ганбаатарын Амарсанаа 1 цаг 00.50 минутын амжилтаар хол тасархай түрүүлэв. Удаах байрт туршлагатай мастер Чулуунсүхийн Гансүх (Орхон аймгийн Хангарьд, 34 настай) 1 цаг 06,27 минутаар, дэд мастер Мөнхболдын Төрболд (Орхон-Хангарьд) 1 цаг 08,38 минутаар шалгарсан юм.
Г.Амарсанаагийн хувьд Филиппинд болсон Хүүхдийн олимпийн эрхийн тэмцээнд оролцоод, дараа нь Япон улсад сар гаруй хугацаанд бэлтгэл хийж, хэдхэн хоногийн өмнө эх орондоо ирж УАШТ-д ялалт байгуулжээ.
Эмэгтэй элитийн уралдаан бороотой, хүйтэн нөхцөлд өрсөлдөөнтэй болж, Орхон аймгийн “Хангарьд” спорт клубийн хоёр залуу тамирчин эхний байруудыг эзлэв. 500 метрийн сэлэлт-15 км дугуй-5 км гүйлтээс бүрдсэн замыг 15 настай Б.Энхжин 1 цаг 19 минут 34 секундэд туулж аваргалсан бол 14 настай О.Эрдэнэзул 1 цаг 20 минут 21 секундээр удаалжээ. Харин Э.Уянга 1 цаг 20 минут 53 секундийн амжилтаар хүрэл медалийн эзэн болж, Монгол Улсын спортын дэд мастерийн болзол хангалаа.