Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд 2017 оны 3 дугаар сарын 24-ний 15 дугаартай “Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулах” тухай Мөрдөн байцаагчийн мэдэгдэл хүргүүлсэн бөгөөд уг мэдэгдлийн мөрөөр тус газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтнууд газар дээр нь очиж танилцлаа.
Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны /хуучин нэрээр/ харьяа Сүхбаатар аймаг дахь Мэнэнгийн талын сав газрын захиргааны даргаар ажиллаж байсан Б нь иргэн Б-ээс зээл нэрээр халхавчлан ажлын өрөөндөө хахуулийг бэлэн мөнгөөр авсан, түүний хариуд байгууллагад бичиг хэрэг, нярвын ажилд томилсон шийдвэрийг гаргасан, мөн Усны чанар, экологи, сургалт олон нийттэй харилцах мэргэжилтнээр М-ийг томилохын өмнө түүнээс болон түүний эцгээс удаа дараа мөнгө нэхэж, хээл хахууль авсан болохыг тогтоож, Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Б-д 1 жил 6 сарын хугацаагаар хорих, 1 жил төрийн албанд ажиллах эрхийг хасч, хувьд ногдох хөрөнгөнөөс 300 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн байна.
Дээрх гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар 4 төрлийн үүрэг, чиглэл өгсөн боловч хангалтгүй биелүүлсэн байна. Тухайлбал,
1/ Албан тушаалтныг нийтийн албанд томилоход хувь хүний ёс зүй, эрүүл мэнд, сэтгэцийн байдлыг шалгаж байх. Энэ ажлын хүрээнд яамнаас 2019 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх Төрийн албаны шинэчилсэн хуулийг хэрэгжүүлэхээр Төрийн албаны зөвлөлөөс ирүүлсэн хувийн хэрэгт орох мэдээлэлд 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 05/1718 тоотоор нарийн мэргэжлийн эмчийн магадалгаа авах талаар санал хүргүүлснээс өөр тодорхой ажил хийгдээгүй байна.
2/ Удирдах албан тушаалтанд томилогдох боловсон хүчний судалгааг сайтар хийх. Төрийн захиргаа удирдлагын газарт хүний нөөцийн судалгаа байхгүй. Дотоод нөөц бололцооноос ажлын үр дүн сайн, олон жил тус салбарт үр бүтээлтэй ажиллаж байсан албан хаагчдыг болон бусад салбарын чиглэлээр ажиллах боломжтой мэдлэг туршлагатай иргэнийг томилох талаар хүний нөөцийн судалгааг одоог хүртэл гаргаагүй байна.
3/ Ажил үүргийн хуваарь, ажлын байрны тодорхойлолтод заагдсан чиг үүрэг болон холбогдох хууль эрх зүйн талаар албан хаагчдад танилцуулж байх, шаардлагатай бол сургалтыг зохион байгуулах. Ажил үүргийн хувиар ажлын байрны тодорхойлолтод заагдсан чиг үүрэг болон холбогдох хууль эрх зүйн талаар албан хаагчдад тогтмол сургалт явуулж байгаа гэх боловч хэдэн удаа, хичнээн албан хаагчдад ямар сэдвээр сургалт явуулсан нь тодорхойгүй, уг мэдэгдлийн хүрээнд тусгайлсан сургалт явуулаагүй байв.
4/ Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг судлан үзэх, дахин энэ төрлийн гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх талаар арга хэмжээ авах. Тус яамны Төрийн захиргааны удирдлагын газар гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг судлан үзэх, дахин энэ төрлийн гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар ч ажил хийгдээгүй байна.
БОАЖЯ-наас уг мэдэгдлийн дагуу хийсэн ажлын үр дүнг хуульд заасан хугацаанд ирүүлээгүй бөгөөд зөрчил дутагдлыг арилгах, цаашид гарах эрсдлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр анхаарч ажилласан зүйл үгүй байна. Иймд 2017 оны 15 дугаар мөрдөн байцаагчийн мэдэгдлийг бүрэн хангаж ажиллах талаар тус яамны Төрийн захиргааны удирдлагын газарт анхааруулж, биелэлтийг бүрэн хангаж албан бичгээр хариуг ирүүлэхийг даалгав.