АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама одоогийн ерөнхийлөгч Дональд Трампын нэрийг цохон дурдалгүйгээр өнөөгийн эрх баригчдын бодлогыг шүүмжилжээ.
“Бид хачин, тодорхойгүй цаг үед амьдарч байна. Мэдээллийн урсгал улам толгой эргүүлэм болж, айдас түгшүүр, сэтгэл хангалуун бус, царцанги байдал ноёрхсон бодлого бий болж эхэллээ. Ийм бодлого хэдэн жилийн өмнө төсөөлөхийн аргагүй байсан их хурдтайгаар урагшилж байна. Би алармист биш (нийгэмд түгшүүртэй байдал бий болгохын тулд хуурамч цуурхал тарааж буй хүн). Би бодит байдлыг л хэлж байна” хэмээн Б.Обама Йоханнесбург хотод болсон Өмнөд Африкийн удирдагч Нельсон Манделагийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан ёслолын ажиллагаанд үг хэлэхдээ мэдэгджээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай хамтарсан хэвлэлийн бага хурлын үеэр АНУ-ын төрийн тэргүүн Дональд Трамп мэдэгдэхдээ, АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Орос улс хөндлөнгөөс оролцсон гэх дуулианд хоёр талын аль аль нь буруутай гэж мэдэгдэхийн сацуу сонгуульд Орос улс хөндлөнгөөс оролцсон гэх нотолгоог олж харахгүй байгаа хэмээн тэмдэглэсэн байна. Тэгвэл өнгөрсөн мягмар гарагт тэрбээр энэ талаар мэдэгдэхдээ “АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Орос улс хөндлөнгөөс оролцсон байх магадлалтай гэсэн санааг илэрхийлэхдээ буруу ойлголт төрүүлэхээр ярьсан байна” гэжээ.