Үндэсний бөхийн улсын арслан, Кураш бөхийн Дэлхийн аварга, Сонирхогчдын сүмогын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медаль, Самбын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, Сонгомол бөх Зүүн Азийн наадмын мөнгөн медаль, Чөлөөт бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, “Монгол говь” олон улсын тэмцээний аварга, улсын аварга, оюутны дэлхийн аваргын мөнгөн медальт, Олон улсын хэмжээний мастер, Сагсан бөмбөгийн Лигийн төвийн тоглогч, Гар бөмбөгийн лигийн тоглогч, Регби Америк хөлбөмбөгийн анхны тоглогч, Жүдогийн дэлхийн аваргын хүнд жингийн шагналт байр гээд тоочоод байвал энэ хүнд олон хэргэм бий.
Энэ хүн бол Д.Ганхуяг
Тэрбээр Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын уугуул , 1976 онд С.Доржпаламын дөрөвдэх буюу отгон хүү болон энэ өдөр эхээс мэндэлжээ.
Д.Ганхуяг хүүхэд ахуй цагаасаа эхлэн хөлбөмбөг , сагсан бөмбөг, бөхийн чөлөөт , сонгомол, жүдо, самбо бөхийн олон төрлөөр хичээллэж , барилдах арга техникээ сайжруулж , олон улсын болон тив дэлхийн олон удаагийн тэмцээн уралдаанд оролцож амжилт гаргасан ОУХМ цолтой бөх юм.
Д.Ганхуяг 17 настайгаасаа эхлэн том наадамд гарч 1993 онд анх удаа улсын баяр наадамд зодоглож нэг давжээ.
1995 онд Өвөрхангай аймгийн баяр наадамд зодоглож , түрүүлж аймгийн арслан цол авчээ.
2000 оны улсын баяр наадамд тав давж Монгол улсын начин цолыг 24 насандаа авсан бол :
2002 оны улсын баяр наадамд тав давж өсөх идэр чимэг.
2005 оны улсын баяр наадамд тав давж улам нэмэх чимэг.
2006 оны улсын баяр наадамд тав давж хурц шаламгай чимэг.
2008 оны улсын баяр наадамд ес давж түрүүлж 32 насандаа Монгол улсын арслан цолыг хүртжээ.
2009 оны улсын баяр наадамд найм давж үзүүрлэж үлэмж бадрах чимэг.
2010 оны улсын баяр наадамд тав давж уран мэхт чимэг.
2011 оны улсын баяр наадамд давж улам дэлгэрэх чимгүүдийг авчээ.
Сар шинийн барилдаанд 2008, 2010, 2013 онуудад их шөвөгт үлдэж байв.
Монгол бөх Гиннессийн номд бүртгүүлэхэд зориулсан хүчит 6016 бөхийн барилдаанд 10 давж сүүлчийн зургаан бөхөд үлдэж байлаа.
Д.Ганхуяг арслан баруун талтай, зүүн гараараа баруун хөлд тахимдаж харвах, хонгодох, харцагадаж дайрах мэхүүдийг чадамгай хийдэг. Д.Ганхуяг арслан 1998 онд УБИС-ийн харъяа БТДС-ийг биеийн тамирын багш , дасгалжуулагч мэргэжлээр дүүргэжээ.Их Монголын Хүчтэн дэвжээний Гүйцэтгэх захиралын албыг хашиж байна.