Их эзэн хааны нэрээр нэрлэгдсэн Чингис хот аялал жуулчлал, эко хот болох том амбицтай. Энэ ч зүйн хэрэг. Буурал түүхийн цаг хугацааг эзэгнэн, дэлхийн талыг морин туураар тамгалж явсан энэ их хүний нэрийг дэлхий мэднэ. Тэр утгаараа Чингис хааны унасан нутаг, угаасан усыг зорьж очихыг жуулчид ихээр сонирхдог байж таарна.
Монголчууд ярьдаг даа, өөдлөх айл үүднээсээ гэж. Үнэндээ тухайн айлын талаархи анхны сэтгэгдэл үүд хаалганаас эхэлдэг гэсэн үг. Ийм ойлголт хандлагаар сүүлийн үед манай орон нутгийнхан ирж одогсдыг угтаж үдэх зам дээр сүрлэг хаалга барьдаг болсон. Хан Хэнтий нутгийнхан энэ жишгээр “Их эзэн хааны өлгий нутаг” гэсэн бичээс бүхий гоёмсог хаалгыг барьж байгуулсан. Монголчуудын шүтээн шонхор шувуу, морьтон баатруудын баримал бүхий энэ хаалга ирэгсдийг эхэлж угтдаг. Гадаадын жуулчдын хувьд эндээс л мөнөөх Эзэн хааны талаарх анхны сэтгэгдэл өдөлж амилдаг биз ээ.
Аялал жуулчлалын хот болох зорилгынхоо хүрээнд Мөрөн сумынхан Чингис хаалганыхаа орчныг тохижуулахаар тендер зарлаж, тэндээ хийж бүтээсэн нь бага биш. Гэтэл гай газар доороос гэдэг шиг юм тэнд нүүрлэчихээд байна. Чингис хаалганы чанх дэргэд нь Шатахуун түгээх станц баригдаад бараг дуусчээ. Газар мундсан биш дээ, эзэн хааныхаа нэртэй орон нутгийн хүндэтгэлийн цогцолборын дэргэд ШТС барина гэдэг, арай л ахадсан ажил уу. Аливаад утга учир, зохицол гэж юм бий.
Энэ зохиоогүй “зохицол”-ын учрыг тодруулахаар орон нутгийнхнаас асууж сураглалаа. Мөрөн сумын 3 дугаар багийн нутаг буюу Чингис хаалганы дэргэд газар олгох асуудал бүр 2012-2016 оны үед айигийн Засаг даргаар ажиллаж байсан Ж.Оюунбаатарын үед гарчээ. Ер нь Ж.Оюунбаатар Засаг дарга байх үедээ аймгийн төвийн 11 байршилд шатахуун түгээх станцын зориулалтаар газрыг хавтгайруулан олгосон гэх шүүмжлэл байдаг юм байна. Уг нь энэ эрхэм өмнөх Засаг дарга Ч.Эрдэнэбаатарыг ихээхэн газар олголт хийсэн хэмээн шүүмжилж гарч ирж байсан санагдана. Харамсалтай нь ам ажил хоёр нь ингэж зөрөөд хангиначихсан юм байна.
Чингис хаан хаалганы дэргэдэх газрын зөвшөөрлийг өмнөх удирдлагууд 2016 оны 07 сарын 8-ний өдөр “Ихэр наран” ХХК-д олгожээ. Өөрөөр хэлбэл огцрохоосоо өмнө амжиж бусдад хийсэн буяных нь нэг. Мэдээж, газар олголтыг Ж.Оюунбаатар өөрөө гардаж хийхгүй. Мөрөн сумын Засаг дарга ажлаа өгөхийнхөө өмнөхөн олгосон энэ газарт тус компани 2017 онд барилгын ажлаа эхлүүлснээр иргэдийн дунд ихээхэн бухимдал үүсчээ.
Ингэснээр аймгийн өнөөгийн удирдлагууд “Хууль зөрчсөнийг таслан зогсоох” үүрэг чиглэл өгсний дагуу Чингис хаалганы дэргэдэх шатахуун түгээх станцын газрын зөвшөөрлийг 3 дугаар сарын 1-ний өдөр Мөрөн сумын Засаг даргын Захирамжаар цуцалсан байна. Цуцлах үндэслэл нь Чингис хаалганы дэргэд гэдэгтээ бус эзэмшигч “Их наран” компани Газрын тухай хуулийг ноцтой зөрчиж, тухайлбал гэрээнд заасны дагуу улирал бүр төлөх ёстой 6 удаагийн газрын төлбөрийг төлөөгүй байсан нь цуцлах үндэслэл болжээ. Гэвч Мөрөн сумын одоогийн Засаг дарга Ц.Батцоожийн энэ шийдвэрийг “Их наран” компани эсэргүүцэж шүүхэд хандаж анхан шатны шүүхийн шийдвэр мөн компанийн талд гараад байна.
Асуудал одоо давж заалдах шатны шүүх дээр хянагдаж байгаа учир Чингис хаалгатай зэрэгцүүлэн барьсан ШТС үйл ажиллагаагаа эхлээгүй байна. Нэг ийм л явдал Хан хэнтий нутгийнхны хаалганы эргэн тойронд өрнөөд байна.
Оготонын уршиг олондоо гэж үг бий. Үүн лүгээ өмнөх удирдлагуудын алсын хараагүй, ашиг сонирхлын зөрчилтэй байж мэдэх энэ газар олголт орон нутаг, Их эзэн хааны сүлд сүнсэндээ дэндүү хайхрамжгүй, хэтэрхий хүндэтгэлгүй хандсаны гэрч болон үлдэж магадгүй.
Эзэн хааныхаа нэртэй хаалганы дэргэд ШТС барьсан эмгэнэлтэй хэрнээ инээдэмтэй түүх Хэнтийд үргэлжилж байна.