Сүүлийн үед УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн хүчтэй ярьж байгаа 60 тэрбумын асуудал гол сэдэв болж, олон нийтийн дунд хүчээ авч байна.
Энэ асуудлыг дахин шалгаж холбогдох хүмүүст нь хариуцлага тооцуулахаар нийтийн дунд нээлттэй сонсгол хийхийг хүсч буй. Одоогоор 19 гишүүн энэ саналыг дэмжиж гарын үсэг зурсан байгаа бөгөөд үүнийг УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барьсан байгаа юм.
Харин гишүүн Л.Оюун-Эрдэнэ энэ асуудлыг эцэслэх хүртлээ явна гэдгээ мэдэгдсэн.
Тэгвэл өчигдөр МАН-ын бүлэг үдшийн 23:00 цаг хүртэл хуралджээ. Учир нь асуудал болоод байгаа 60 тэрбум төгрөгийн хэргээр олон цаг хуралдсаны эцэст ирэх долоо хоногт Байнгын хороогоор хэлэлцүүлэхээр шийдвэрлэжээ.
Харин энэ хуралдааны үеэр Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан байр сууриа илэрхийлэв.
Тэрбээр “Би хувьсгал хийх гэж гарч ирсэн. Гэвч намын эв нэгдлийг бодоод нэг жил дуугүй явлаа. Одоо цаашид “60 тэрбум”-ыг өмөөрч чадахгүй. М.Энхболд оо, чи ёс зүйн хариуцлага хүлээгээд ажлаа өг. Наад бичлэг чинь үнэн. Өнөөдөр шударга ёсыг тогтооход хамгийн их саад болж байгаа газар АТГ өөрөө болоод байна. Буруутныг хаацайлж байгаа. АТГ-ын даргыг ч өөрчилнө. Ингэлээ гээд та нар намайг огцруулбал огцруулна биз. Намынхандаа хандаж Онц их хурал зарлана. Ард түмэндээ хандаж дэмжлэг хүснэ” гэв.
Харин УИХ-ын дарга М.Энхболд Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхийн үгийн хариуд “Би ажлаа зүгээр өгчихгүй ээ” гэжээ.
Ийнхүү ирэх долоо хоногт энэ асуудлаар хэлэлцэж, УИХ-ын дарга М.Энхболд албан тушаалтайгаа үлдэх, үгүйг шийдэх юм байна.