УИХ-ын ээлжит сонгуулиар төрийн албыг 60 тэрбум төгрөгөөр наймаалцах тухай бичлэг цацагдаж нийгэмд дуулиан шуугиан тарьсан. Хоёр жил гаруй хугацаанд хэвлэлийнхэн болон олон нийтийн хараанд байсан энэ хэрэг сүүлийн нэг жил чимээгүй болж намжсан гэж ойлгож болно. Тэгвэл саяхнаас УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ энэ хэргийг дахин сөхөж, олон нийтийн дунд нээлттэй сонсгол хийхийг хүссэн. Мөн АТГ-т очиж энэ хэргийн талаар тайлбар мэдүүлэг өгсөн байдаг.
Харин АТГ болон албаны эх сурвалжууд энэ хэргийг аль хэдийнэ хаагдсан хэрэг гэсэн юм. Яагаад гэвэл энэхүү бичлэгийг нотлох баримт нь хуульд заасан шаардлагыг хангахгүй, эх хувь нь биш, мөрдөн шалгах явцад хахууль өгсөн нь тогтоогдоогүй тул 60 тэрбум асуудлыг прокуророос хэрэгсэхгүй болгосон гэв.
Тэгвэл зарим нэг гишүүд төрийн албыг наймаалцсан гэх асуудлыг дахин шалгахыг хүсч буй юм.
Харин өчигдрийн чуулганы хуралдаан дээр Ерөнхийлөгч Х.Баттулга “60 тэрбум”-ын асуудлаа хаврын чуулганаас өмнө шийдвэрлэж нэг талд нь гаргахыг үүрэгджээ. Тэрбээр “Өдөрт хоёр сая ширхэг хэвлэгддэг “Вашингтон пост” сонинд энэ талаар маш дэлгэрэнгүй мэдээлэл хэвлэгдсэн байна. Энэ чинь дотоодын биш олон улсын хэмжээний хэрэг боллоо” гэдгийг сануулжээ.